МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАХ “ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ’’ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ НЭЭЛТЭД БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНИЙН ХЭЛСЭН ҮГ
”Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Хөвсгөл нуурыг хамгаалах’’ үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, ноёд, хатагтай та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье!
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдол, доройтол, байгалийн нөөцийн хэт ашиглалт, үрэлгэн хэрэглээ зэрэг нь экосистемийн тэнцвэргүй байдалд хүргэж, тогтвортой хөгжлийн томоохон сорилт болж байна.
Тиймээс байгаль орчны тэнцвэрийг хадгалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүрээлэн буй орчны доройтлыг бууруулж, экосистемийг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн төрийн тууштай бодлого, үйл ажиллагаа туйлын чухал байна.
Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг баталж, тогтвортой хөгжлийн үндсийг тодорхойлсон. Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад усны нөөцийг хамгаалж, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал байр суурийг эзэлдэг.
Тиймээс та бидний өнөөдөр хэлэлцэж буй Хөвсгөл нуурыг хамгаалах асуудал нь тогтвортой хөгжлийг хангах хүчин зүйл болно. Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалж, нуур орчмын тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих, орон нутгийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт усны нөөцийн бохирдол, хомстлоос сэргийлэх, Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдлийн судалгаа хийж, нуурт живсэн машин техникийг татаж гаргах, байгалийн унаган төрхөө хадгалсан, өргөн уудам нутаг, нүүдэлчдийн соёл, уламжлал, агуу түүхийг олон улсын аялал жуулчлалын зах зээлд таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, уламжлал, соёлын онцлогт тохирсон аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг томоохон зорилтыг дэвшүүлж, хэрэгжүүлж эхлээд байна.
Хөвсгөл нуур нь цэнгэг тунгалагаараа алдартай, онгон зэрлэг төрхөө хадгалж үлдсэн, үзэсгэлэнт байгальтай, гадаад, дотоодын жуулчид олноор зорьж очдог Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутаг юм.
Сүүлийн 20-иод жилд Хөвсгөл нуур орчимд замбараагүй газар олголт хийгдэж, нуурын эргэн тойронд аялал жуулчлалын баазын тоо эрс нэмэгдэж, стандарт, норм нормативийг зөрчиж, хэт төвлөрч нуурыг их хэмжээгээр бохирдуулах эрсдлийг бий болгоод байна.
Хөвсгөл нуурын орчимд орон нутгаас зөвшөөрөлгүй газар олголт хийх, талбайн хэтрэлттэй, давхцалтай, усны сан бүхий газрын дэглэмийг зөрчсөн, нуурт бохир усыг шууд хаясан, завь, усан тээврээс нуур бохирдуулах зэрэг зөрчлүүд ихээхэн гарч байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ 2020 онд 117 дугаар захирамжаар Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулж, шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийн асуудлыг шуурхай шийдвэрлэж ажилласны үр дүнд Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажлыг амжилттай зохион байгуулаад байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хүрээнд нуурт живсэн бүх автомашин, техникийг 2024 он гэхэд татан гаргах ажлыг хэрэгжүүлэх болно.
Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, цаашид хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, стандартын шаардлага хангаагүй иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байх чиглэлийг баримтлах болно.
Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх талаар судалгааны ажлыг хийх, тусгай хамгаалалттай газрын дотоод бүсчлэлийг шинэчлэн тогтоох, “Хөвсгөл нуур орчимд аялал жуулчлал хөгжүүлэх цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллана.
Эдгээр зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чуулганд оролцож буй та бүхний санал, санаачлага, манлайлал, хамтын ажиллагаа ихээхэн чухал юм.
Энэхүү чуулганыг санаачилсан Монгол Улсын Ерөнхийлөгч танд чуулганд оролцогчдын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Эх орон, байгаль дэлхий, уул ус, гол мөрөн, нуур, ан амьтнаа хамгаалах ажлыг чин сэтгэлээсээ дэмждэг Ерөнхийлөгч танд нийт байгаль хамгаалагчдынхаа нэрийн өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье.
Хөвсгөл нуурын онгон дагшин байгалийг хадгалж, хамгаалах чиглэлээр ажил хэрэгч санал санаачлагууд гарна гэдэгт итгэлтэй байна.
Чуулганаас гарах зөвлөмжийг хэрэгжүүлэхэд та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье!
Анхаарал тавьсанд баярлалаа” гэсэн юм.