БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Аялал жуулчлалын салбарыг уул уурхайн салбараас илүү орлого олдог болгох талаар ярьж байсан. Үүний тулд одоо байгаа салбарынхаа дүр төрхийг хэрхэн яаж өөрчлөх юм бэ?
-Уул уурхайн компаниудаа шүүмжилмээргүй байгаа юм. Учир нь энэ салбар Монгол Улсын татварын орлогод жинтэй хувь нэмэр оруулж, төсвийг бүрдүүлж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд олон үйл ажиллагааг иргэдийн сайн сайхны төлөө хийдэг. Нэг талдаа ААН-үүдээ дэмжих, нөгөө талдаа эдийн засгийн чадамжаар шийдэх асуудал, цаг хугацааны хамаарлаар шийдэгдэх асуудал гэж байна.Үүнийг ялгаж, салгах учиртай. Тухайлбал, бүтээн байгуулалтын ажлууд эдийн засгийн чадавхаар шийдэгдэнэ. Гэтэл цаг хугацааны хамаарлаар нөхөн сэргээгдэх ажлыг мөнгөөр үнэлэх боломжгүй. Байгаль орчны нөхөн сэргээлтийн тухайд 100, 50, 60 жилийн дараа өмнөхтэйгөө адил нөхөн сэргээгдэх тохиолдол байна. Мөнгөөр хэмжигдэхгүй, цаг хугацааны асуудлаа мөнгөөр хэмнэгдэх арилжаалагдах хэмжээний жижиг зүйлээр солимооргүй байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ковидын цар тахлын үед цэнгэг агаар, цэвэр устай газар аялах, алхахыг зөвлөж байгаа энэ үед аялал жуулчлалаар дамжуулаад эх орноо сурталчлах, байгалийн сайхнаа үзүүлэхийн тулд аялал жуулчлалын компаниуд нь нэг талдаа мөнгө олдог систем байх ёстой. Нөгөө талдаа стандартаа мөрддөг, эргээд байгаль орчиндоо ээлтэй байх ёстой. Тухайлбал, Хөвсгөл далай тойрсон аялал жуулчлал хөгжихийн хэрээр ариун цэврийн байгууламж, хог хаягдлын асуудал үүсдэг. Нэг асуудлыг шийдэхийн тулд дахин нэг асуудал үүсгэж болохгүй. Ингэвэл тухайн хоёр асуудлыг хоёуланг шийдэж хэрэггүй. Асуудлыг цогцоор нь шийдэж байгаа бол дагавар асуудлуудаа 100 хувь шийдэх хэрэгтэй. Монгол Улс мөнгөгүй болчихлоо гээд уул уурхайн салбараа дэмжиж байгаа бол нөгөө талдаа байгаль орчиндоо хор хохиролгүй, хариуцлагатай уул уурхайг дэмжих ёстой.
-Хаврын улиралтай золгосон хэдий ч агаарын бохирдлын асуудал одоо ч тулгамдсан асуудал хэвээр байна. Ер нь ирэх өвлийг агаарын бохирдол багатай давах боломж, бололцоо юу байна. Бохирдлыг бууруулах гарц гаргалгааг та юу гэж харж байна вэ?
-Шахмал түлш тухайн үедээ агаарын бохирдлыг 50 орчим хувиар бууруулах нэг шийдэл мөн байсан уу гэвэл байсан. Энэ шийдвэр технологи, шинжлэх ухааны үндэстэй шийдэл байсан. Харин одоо бид юу хийх ёстой вэ гэхээр аялал жуулчлалын хилээ нээлээ гэдэгтэй адилхан барилгажуулах, орон сууцжуулах хилийг нээх хэрэгтэй байна. Тухайлбал, БНСУ-д арилжааны банкны хамгийн дээд хүү жилийн гурван хувьтай л байдаг. Харин хамгийн багадаа ипотекийн зээл зургаан хувьтай байна. Уг зургаан хувийн зээлийг авах гэж бөөн юм болдог. Барилгажуулах, орон сууцжуулах хилийг олон улсад нээх ёстой. Энэ ажлыг Барилга хот байгуулалтын яамтай ярилцаад хоёр дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Өнөөдөр моргэйжийн зээл 10-15 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй байна. Япон, Солонгост газар нутаг багатайгаас улбаалаад барилгын компаниудын орон сууцжуулах хөтөлбөр, шинэ барилга барих эдийн засгийн эргэлт саармагжсан. Тийм учраас баригдаад 10-15 жил болсон, манайд бол бараг шинэдээ тооцогдох барилгуудаа нураагаад дахин барилга барьж, эдийн засгийн эргэлтээ дэмжиж байна. БНСУ-д Пак Гын Хе ерөнхийлөгчийн үед “Орон сууцжуулах хөтөлбөр буюу барилгын компаниудын эргэлтийг зогсоохгүй. Энэ хөтөлбөр Солонгосын эдийн засагт томоохон хэмжээний эргэлтийг авчирдаг учраас гадагшаа орон сууцжуулах барилгажуулах хөтөлбөрүүдийг хайж, эхлэх болжээ” хэмээн мэдэгдэж байсан. БХБЯ, БОАЖЯ, Гадаад харилцааны яам болоод бусад холбогдох байгууллагууд хамтраад бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Төр барих бодлогоо албан ёсоор зарлаад гадаадын барилгын компаниудыг оруулж ирж болно. Улаанбаатар хотын төвлөрсөн зургаан дүүргийн хэмжээнд 195 мянган гэр хорооллын айл өрх бий. Ийм хэмжээний айл өрхийг орон сууцжуулах асуудал гадаадын томоохон компаниудын хувьд том асуудал биш л дээ. Хоёрдугаарт, утаа эдийн засгийн шийдэлтэй л холбоотой асуудал. Тиймээс эдийн засгийн хөшүүргүүдийг сайн бодох ёстой. Агаарын бохирдлыг бууруулахад ганцхан гэр хорооллын асуудлыг яриад байж болохгүй.
Өнөөдөр агаарын бохирдлоос илүүтэй хөрс, усны асуудал, шороо тоос, тоосонцрын асуудал мөн л тулгамдсан хэвээр байгаа. Эдгээр асуудлуудыг цогцоор нь шийдэхийн тулд ямар бодлого явуулах ёстой вэ гэдгээ ойрын хугацаанд гаргаж ажиллах ёстой болов уу гэж харж байна.