Монгол Улсын зөвлөх инженер, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын Техникийн зөвлөх Олзвойн Ганхүүг “Редакцын зочин” буландаа урьж, маш сонирхолтой яриа өрнүүллээ.
-Урилгыг минь таатай хүлээн авч, цаг зав гаргасанд тань баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулаач?
-Би Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул. Сумынхаа найман жилийн сургуулийн анхны төгсөгчдийн нэг. 1975 онд Алтай хотын нэгдүгээр сургуулийг төгсөөд нэг жил Эрхүүд хэлний бэлтгэлд сурсан. 1976-1981 онд таван жил одоо байлдаан болоод байгаа Украин улсын Одессын политехникийн дээд сургуулийг радио, техникийн инженер мэргэжлээр төгссөн.
Тухайн үед Төр засгийн яам, Тамгын газрууд бодлогоор барууны болон социалист системийн орнуудад мэргэжилтнүүд бэлтгэж байсны нэг нь би. Би Мэдээлэл радио, телевизийн улсын хорооны нэр дээр гадаад руу явж сурсан хүн. Украинаас ирээд Монголын үндэсний олон нийтийн радиодоо 1981 оноос 2018 он хүртэл ажиллаад тэтгэвэрт гарсан.
-Монголын радиод 37 жилийн хугацаанд ямар албан тушаалуудыг хашиж байв. Төрөөс хөдөлмөр зүтгэлийг тань үнэлж ямар гавьяа шагнал олгосон бэ?
-1981 онд Украинд төгсөж ирээд Мэдээлэл радио, телевизийн улсын хорооны даргын тушаалаар Монголын радиогийн техникийн хэлтэст техникчээр анх ажлын гараагаа эхэлж байлаа. 1982-1989 онд Монголын радиод засварын инженер албан тушаалд ажилласан. 1989-1990 онд Радио, телевизийн техникийн төвийн Засварын цехийн дарга хийсэн. Дараа нь 1990-2012 оны зун хүртэл 22 жил Радиогийн техникийн хэлтсийн даргаар ажиллаж техник ашиглалтын өдөр тутмын ажлаас гадна техникийн шинэчлэл, бодлого, хөгжүүлэлт зэргийг хариуцан ажиллаж байлаа. 2012-2015 оны хугацаанд Радио, телевизийн техникийн төвд Засварын инженерээр 2015 оноос сургалтын инженерээр ажиллаж байгаад 2018 онд тэтгэвэрт гарсан даа, товчхон хэлэхэд ийм байна.
Энэ хугацаандаа Төр засгийн Алтан гадас одонг 1998 онд 40 насандаа үеийнхнээсээ түрүүлж авч байлаа. Дараа нь 2006 онд Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнуулсан.
-Та мерит зарчмаар л явж иржээ?
-Би анхан доод шатнаас нь эхэлсэн радиогийн техникийн салбарын мэргэжлийн хүн. Үүгээрээ ч өөрөөрөө бахархдаг.
-МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар өнгөрсөн оны гуравдугаар сард энэ албан тушаалд томилогдсоныхоо дараа радио, телевизийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, монгол түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн гигант эрхмүүдийг хүлээн авч уулзаж, зөвлөхөөрөө ажиллуулахаар болсон. Энэ дагуу танд мөн санал тавьсан. Та А.Бүрэнбаатар захирлын саналыг хэрхэн хүлээн авсан бэ?
-Ахмад уран бүтээлч/инженер техникийн ажилтнуудыг залуучуудтайгаа холбох залгамж чанар манай байгууллагад сүүлийн жилүүдэд доголдсон асуудал бий. Үүнийг МҮОНРТ-ийн үе үеийн дарга нараас Ерөнхий захирал А.Бүрэнбаатар гярхай ажиглаж гэж бодсоны үндсэн дээр надад тавьсан саналыг дуртай хүлээж авсан. Яагаад гэхээр миний хамгийн сайн хийж чадах зүйл бол техник. Ажиллаж байх үедээ хийж амжаагүй үлдээсэн ажлуудаа дуусгачих юмсан гэсэн бодол байсан. Үүнийг ч А.Бүрэнбаатар захирал дэмжээд ажил хэрэг болоод явж байгаад их баярлаж байгаа. Мөн олон жил мэргэжлээрээ ажилласан хүний хувьд хуримтлуулсан мэдлэг, туршлагаа дараагийн үедээ өвлүүлэх нь маш чухал байдаг.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын зөвхөн техникийн талын зөвлөхөөр би болон Чулууны Цагаан ажиллаж байгаа. Тэрнээс Программын албаны зөвлөхөөр Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбын Золжаргал, Радио, телевизийн Соёл урлагийн редакцын зөвлөхөөр Соёлын гавьяат зүтгэлтэн Чойжамцын Буянхишиг эгч, ОНР-ийн зөвлөхөөр Соёлын гавьяат зүтгэлтэн Лханаагийн Мөнхтөр, ОНТ-ийн зөвлөхөөр Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарсүрэнгийн Гүрбазар, Өлзийхишигийн Нарангэрэл, ОНТ-ийн Соёл урлагийн зөвлөх, редактороор Соёлын гавьяат зүтгэлтэн Шалмаагийн Ёолк, Нэвтрүүлэг хөтлөгчдийн ур чадвар хариуцсан зөвлөхөөр Соёлын гавьяат зүтгэлтэн Жамъяндоржийн Бямбаа, “Монголын мэдээ” сувгийн зөвлөхөөр Цэндийн Сүхбаатар, Төмөр-Очирын Цэрмаа нарын олон жил ажилласан туршлагатай, энэ байгууллагадаа насаараа ажиллаж зовлон жаргалыг нь даваад туулчихсан хүмүүсээ зөвлөхөөр авч ажиллуулж байгаа нь маш зөв ажил.
-Та МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын Техникийн зөвлөхөөр томилогдсоноос хойш ямар ажлуудыг амжуулав?
-Социалист нийгмийн үед энэ байгууллага намайг сонгож, эзэмшсэн мэргэжлээрээ салбартаа ажилла л гэж гадаад явуулсан, сургасан. Энэ дагуу л насаараа ажилласан.
Телевиз болон радиогийн өргөн нэвтрүүлгийн салбарт техник талаасаа студи, дамжуулах станц, хэрэглэгчийн хүлээн авагч багтдаг. 2014 онд Засгийн газраас өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хэмжээний хөтөлбөр зарлагдсан. Энэ дагуу телевизийн өргөн нэвтрүүлэг 2014 оны 07 дугаар сарын 31-нд тоон технологид шилжсэн. Харин радиогийн зөвхөн студийн тоног төхөөрөмж/технологи тоон системийнх болсон. РӨН-ийн дамжуулах станц, хэрэглэгчийн хүлээн авагч аналог хэвээр өнөөдрийг хүрч, хоцрогдсон.
2018 онд телевизийн студийн техник/технологи тоон технологид шилжиж өөрөөр хэлбэл телевизийн студи HD форматтай болж, дамжуулах станцууд өргөн нэвтрүүлгийн тоон технологийн DBT2 стандартыг хангаж, хэрэглэгчид хүлээн авагчаа LCD, LED телевизор болгосон. Одоо телевиз үзэгчид эфирийн буюу агаарын долгион, шилэн кабель, сансрын холбооны гэсэн гурван сувгаар дотоод гадаадын 200 гаруй сувгийг үзэж байна. Энэ том хөгжил, дэвшил.
Миний МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын зөвлөхөөр ажиллаад нэн тэргүүнд барьж авсан ажил бол Радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах станцууд болон радио хүлээн авагчийг тоон технологид шилжүүлэх асуудал. Өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх Төр Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж дуусгах, аналог болон тоон технологийн ялгаа заагийг сонсогчдод ойлгуулахаар ажиллаж байна. Ингэснээр Монголын радио дэлхийн нийтийн радиотой хөл нийлүүлж, хөгжлийн ердийн замдаа орох юм. А.Бүрэнбаатар захирал ч үүнийг ойлгож хүлээн авч тодорхой тооны ажлууд хийж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур А.Бүрэнбаатар захирал болон Радио, телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-ын удирдлагууд хамтраад уг техникийн асуудлыг яаж шийдэх талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд санал тавьж,УИХ-ын гишүүн Г.Ганболдтой нээлттэй ярилцаж санал нэгдсэн.
-2014 онд Засгийн газрын тогтоол батлагдсаны дараа радиогийн дамжуулах төвүүд яагаад тоон технологид шилжээгүй вэ?
-Хоёр талтай. Нэгдүгээрт, Төр засгийнхан дээд түвшиндээ Засгийн газрын гаргасан тогтоолоо хэрэгжүүлээгүй. Дараагийн түвшинд ашиглалтын байгууллагууд буюу МҮОНРТ, Радио, телевизийн үндэсний сүлжээ их цаг алдсан. Радио, телевизийн үндэсний сүлжээ өөр зүйлд хөрөнгө мөнгөө зарах шийдвэр гаргаж тухайлбал, барилга байгууламж худалдаж авсан. Манай МҮОНРТ гадны орноос радиогийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлээд өгье гэж ирсэн хүмүүсийн саналыг хүлээж аваагүй. Тухайлбал, Францын Томсон, Германы Трансрадио компанийнхан өөрсдийн зардлаар ирж хэмжилт хийгээд ТЭЗҮ-ийнх нь анхны хувилбаруудыг нь гаргаад, маш бага хөрөнгөөр тоон технологид шилжүүлж өгөх санал тавьж байсан.
Дээрх хүчин зүйлүүдийн улмаас дамжуулах төвүүдийг тоон технологид шилжүүлэх асуудал өдийг хүртэл сунжирсан. Энэ алдсан цаг хугацаанд хүмүүс гар утсаараа, интернэтээр фм, радиог сонсож байна. Тэгэхээр өндөр өртөг зардалтай радио орчин цагт шаардлагагүй гэж ойлгох болсон. Энэ маш буруу ойлголт. Яагаад гэхээр broadcasting, communication буюу өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо хоёроо ялгаж салгаж ойлгохгүй байна. Өргөн нэвтрүүлэг гэдэг Монголын гурван сая гаруй хүн бага балчраасаа ахмадууд хүртэл сонсох боломжтой техник хэрэгсэл. Харин гар утсаар, интернэтээр тухайн хэрэглэгч л сонсоно. Үүнээс үүдэн радио сонсогчдын тоо маш бага болсон. Сүүлийн үеийн статистикийн тоон мэдээллээр Монголд 185 мянган малчин өрх байна. Дунджаар дөрвөн ам бүлтэй гэж авч үзэхэд 700 гаруй мянган хүн байна. Энэ хүмүүс тэр бүр гар утсаараа интернэтэд холбогдох боломжгүй. Монголд одоо 4GLTE интернэт ашиглаж байна.5G интернэт Монгол Улсад нэвтэрлээ ч нэг км квадрат газарт сонсогчдын тоо нь 10 мянга байж үр ашгаа өгдөг технологи. Тэгэхээр ойрын хэдэн арван жилд тоон технологийн радиог интернэт орлохгүй. Тиймээс тархан суурьшсан нүүдлийн амьдралын хэв маягаар амьдардаг малчдад радио хүрч очихгүй байна. Монголд РӨН–ийн дэд бүтэц бүрэн байгаа. Улс орон даяар Хонхорын Төв станц, Дорнод, Өмнөговь, Говь-Алтай, Баян-Өлгий, Хөвсгөл аймагт дахин дамжуулах станц бий. Техникийн жоохон өөрчлөлт хийхэд л иргэд Монголын радиог өргөн нэвтрүүлгийн дөрвөн сувгаар хуучных шиг зөвхөн сонсдог биш мультимедиа буюу өнгө дүрстэй дэлгэцээр хүлээн авч шаардлагатай бүх мэдээллээ авах техникийн боломж бүрдэнэ.
Дэлхий даяар энэ замаар явж байна. Дэлхийн 200-аад оронд бүгдэд нь урт, дунд долгионы радио өргөн нэвтрүүлэг шаардлагагүй. Жижиг газар нутагтай улсад фм байхад хангалттай. Дэлхийд урт, дунд долгионы радио өргөн нэвтрүүлэг шаардлагатай 20-иод улс байдаг юм билээ. Тэр дундаа өргөн уудам нутагтай, хүн ам нь тархан суурьшсан, отор нүүдэл хийдэг малчидтай манайх шиг улсад нэн шаардлагатай. Тиймдээ ч ОХУ, Энэтхэг, Бразил зэрэг том газар нутагтай, газрын гадаргуу нь Монгол шиг уулархаг орнууд аль хэдийн тоон радио өргөн нэвтрүүлгийн стандарт руу шилжчихсэн. Гималайн өндөр уулсыг хамарсан Энэтхэг улс дунд долгионы радио өргөн нэвтрүүлгийн станцаа бүх сонсогчдоо буюу тэрбум гаруй хүндээ хүргэчихсэн, одоо автомашины хүлээн авагч руу чиглэсэн тоон радио хүлээн авагчийн хөгжүүлэлтээ хийгээд дуусах шатандаа явж байна. Тиймээс манай улс радио өргөн нэвтрүүлгийн Үндэсний сүлжээгээ тоон технологид яаралтай шилжүүлэх шаардлагатай.
-Тоон технологийн радио хүлээн авагч ямар үнэ өртөгтэй байгаа вэ?
-Тухайн үед буюу 2014 оны үед хэрэглэгчийн тоон радио хүлээн авагч одоогийнхоос харьцангуй өндөр үнэтэй байсан. Технологийн нэг сайхан зүйлийг ахуйн жишээн дээр ярихад эрдэмтэн Ж.Э.Мурын тоон технологийн талаарх онолд тоон технологийн хөгжил хоёр жил тутамд техникийн үзүүлэлт нь хоёр дахин сайжирч, үнэ өртөг нь хоёр дахин буурна гэж томьёолсон байдаг. Энэ онол яг хэрэгжээд л явж байна. Арван жилийн өмнө ашиглагдаж байсан компьютер, гар утсыг өнөөдөр хүн төрөлхтөн хэрэглэж байна уу, үгүй. Телевиз, радио яг үүнтэй агаар нэг. Өнгөрсөн хугацаанд радио хүлээн авагчийн нэр төрөл олширсон. Өмнө нь зөвхөн тоон технологийн суурин радио хүлээн авагч хэрэглээнд байсан бол одоо машины, зөөврийн, программ хангамж дэмждэг гээд олон нэр төрлийн тоон технологийн радио хүлээн авагч боломжийн үнэ өртөгтэй борлуулагдаж байгаа, цаашид ч үнэ нь буурах болно.
-Өнгөрсөн жилийн гуравдугаар сард Дундговь аймагт цаг уурын давагдашгүй хүчин зүйл болж зургаан хүн нас барсан. Үүний дараа Монголын үндэсний олон нийтийн радиогийн гамшгийг урьдчилан мэдээлсэн цаг агаарын дохио, мэдээ орон нутагт хүрээгүйн улмаас байгалийн гамшиг тохиолдоход малчид амь эрстэж байна хэмээн хүмүүс санал бодлоо илэрхийлсэн. Та санал нийлэх үү?
-Нийлнэ. Яг тийм л юм болсон. Радиогийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж, сонсгох хүрээгээ тэлээгүй учраас одоогийн аналог систем тоон технологиос арав дахин бага газрыг хамарч байна. Зарим суманд ерөөсөө хүрэхгүй байгаа.
Манай улсад сүүлийн жилүүдэд байгалийн гамшиг ялангуяа газар хөдлөлт давтамж өндөртэй болсон. Хэрвээ радиогийн өргөн нэвтрүүлэг тоон технологид шилжчихвэл Монголын хаанаас ч тоон технологийн радио хүлээн авагчаараа цаг агаарын урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ болоод, Монголынхоо, дэлхий дахины бүх л мэдээллийг авчихна.
-Радио хоцрогдсон гэсэн бодолтой мэр сэр хүнтэй таарч байсан. Гэтэл өнөө цаг үед ихэнх улс орны иргэд подкаст, аудио ном, ASMR руу хошуурцгааж байна. Үнэндээ энэ бүгд радиогийн хөтөлбөрийн жижиг хэсгүүд. Тиймээс радио хоцрогдох бус улам эрчээ авч байна гэж боддог. Радиогийн өргөн нэвтрүүлгүүд тоон технологид шилжсэнээр сонсогчдод ямар өгөөж, үр дүнтэй вэ?
-Маш зөв асуулт байна. МҮОНР үндсэн технологи нь болохгүй байгаа ч нийгмийн сүлжээг ашиглаад нэвтрүүлэг, хөтөлбөрүүдээ фэйсбүүк, ютүб сувгаараа хүргэж байна. Хэдий өнөө цагт эрчээ авсан нийгмийн сүлжээнүүдийг ашиглаж байгаа ч хязгаарлагдмал. Учир нь тодорхой тооны хүмүүст л хүрч байгаа. Үүнээс гадна дүрст нэвтрүүлэг хөтөлбөрийг хүн эхлэхээс нь дуустал үздэг бол радиогийн давуу тал нь хүн алхангаа ч юм уу ямар нэг юм хийж байсан ч сонсоод л мэдлэг мэдээлэл авчихдаг. Энэ давуу тал нь орчин цагийн хүмүүсийг ихээр татаж байна
Монгол Улс радиогийн өргөн нэвтрүүлгээ тоон системд шилжүүлснээр МҮОНР-ийн I, II суваг болон зөвхөн төв суурин газарт л сонсогчдод хүрдэг ФМ-ийн суваг улс орон даяар цацагдана. Үүнээс гадна Радиогийн өргөн нэвтрүүлэг тоон системд шилжсэнээр радио мультимедиа буюу дүрстэй болно. Малчид хүүхдүүдээ алсын зайн сургалтад хамруулах боломж нээгдэнэ гээд нийгмийн маш олон ач холбогдол бий.
-Хүн төрөлхтөн радиогоос хэзээ ч уйдахгүй нь. Тэгэхээр радиогийн дамжуулах төвүүдийг тоон технологид шилжүүлчихвэл радио сонсогчдын тоо жил ирэх тусам л нэмэгдэнэ гэж хэлж болох уу?
-Хүмүүс цаашид ч хүмүүс радиогоос уйдахгүй. Радио зарим талаараа телевиз, гар утаснаас ч илүү хэрэгтэй. Жишээлбэл, чи түрүү дурдсан. Бүх нийтийн гамшиг тохиолдсон үед амин чухал хэрэгцээтэй эд бол радио. Газар хөдөллөө, тун ойрын жишээ хэлэхэд өнгөрсөн долоо хоногт Орос, Украин руу дайралт хийхэд зарим газруудад гар утас ажиллагаагүй болсон. Гэтэл радиогийн эфирийн долгион нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй мөртлөө хязгаарлагдмал нөөцтэй байгалийн баялаг гэж явдаг. Тиймээс хүн төрөлхтөн байгаа цагт радио долгион байж л байна. Монгол Улс энэ радио долгионоо тоон технологид шилжүүлчихвэл радио дахин сэргэн мандана. Ах нь энэ ажлыг хийж амжилгүй тэтгэвэрт гарсан. Одоо ашгүй Цахим хөгжил, харилцаа холбооны яам бий боллоо. Яамны түвшинд энэ асуудалд анхаарал хандуулж, шийдэгдэх байх гэж харж байна. Мэргэжлийн хүний хувьд нэг хатуу үг хэлэхэд 1.5 сая км.квадрат газар нутагтай, тархан суурьшсан иргэдтэй манай улс радиогийн өргөн нэвтрүүлгээ тоон системд гарцаагүй шилжүүлэх хэрэгтэй.