“Соёлын наадам” 11 дэх жилдээ Хүй долоон худагт болно

СУИС, Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ), Солонгосын МЕТАА компани хамтран “Соёлын наадам” нүүдэлчний соёл урлагийн наадмыг энэ сарын 11, 12-нд Хүй долоон худагт зохион байгуулна.

Монголын үндэсний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээг өргөжүүлэх зорилготой тус наадам нь анх 2008 онд СУИС-ийн багш, оюутнууд, БНСУ-ын МЕТАА компанийн зөвлөх, МУЗ-ийн ажиллагсад, уран бүтээлчдээс бүрдсэн, 300 гаруй хүний сайн дурын үндсэн дээр 10 жил дараалан зохион байгуулж ирсэн түүхтэй бөгөөд өдгөө Монголчуудын хүсэн хүлээдэг наадам болоод байна.

Наадамчин олон, гадаадын зочид гийчид Хүй долоон худагт хүрэлцэн ирж, хурдан морины уралдаанаа сонирхохын зэрэгцээ үндэсний өв соёл, уламжлалт гар урлалаас суралцах, язгуур урлагийн тоглолт үзэх боломжтой.

Наадмын хүрээнд “Сэрсэн тал” үндэсний урлагийн тоглолт, “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон ажиллах юм.

Энэ жилийн “Монголын нэг өдөр” хотхонд Уран бичлэг, Эсгий урлал, Зүймэл урлал ба Зээгт наамал, Уран хатгамал, Цаасан шуумал буюу Re-Imagine Mongolia, Ардын аман зохиол, Үндэсний тоглоом наадгай, Оньсон тоглоом, Нум сум урлал, Монгол гэр барих, Аврага Монгол, Хөрөг зураг болон Хөгжилтэй нүүр будгийн өртөө ажиллах аж.