Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Жан-Жак Де Дарделыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Сайд П.Сэргэлэн Монгол-Швейцари улсын хоорондын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажилладагт, Швейцарийн Холбооны Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол Улсад амжилттай хэрэгжиж буй Монгол ногоо, Ногоон алт, мал аж ахуйн зэрэг хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан дэмжиж ирсэнд талархал илэрхийллээ.
Талууд Монгол Улсын бэлчээрийн даац ашиглалт болон мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар цаашлаад уг салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм. Элчин сайд ноён Жан-Жак Де Дардел Швейцарын хөгжлийн агентлагаас мал аж ахуй, малын бүртгэлжүүлэлтийн чиглэлээр Монгол Улсын 5 аймагт хэрэгжүүлж эхлэх төслийн тухай товч танилцуулав.
Энэхүү мэдээллийг сайд П.Сэргэлэн таатайгаар хүлээн авч Малын эрүүл мэндийн тухай хууль, бэлчээр ашиглалтын талаар болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн тэрээр салбарын цаашдын хөгжлийг тодорхойлох стратеги төлөвлөгөөг хамтран боловсруулах, салбарын боловсон хүчин нь тус салбарын хөгжлийн үндэс.
Тиймээс Монголын хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын мэргэжилтэн боловсон хүчин, фермерүүдийг Швейцарын Холбооны Улсад мэргэжил дээшлүүлэх дунд, богино хугацааны сургалтад хамруулах саналыг тавьсан бөгөөд Элчин сайд саналыг нааштайгаар хүлээн авч энэхүү салбарт хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.