Жил бүрийн 4 дүгээр сарын 7-ны өдрийг дэлхий даяар Дэлхийн эрүүл мэндийн өдөр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улс анх 1962 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад элсэн орсноос хойш 60 жил болж байгаа түүхэн энэ өдөр Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон Монгол Улс дахь гадаадын улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газрууд болон хамтрагч түншүүд, иргэдийн төлөөллийн хамт 2022 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Бидний эх дэлхий – Бидний эрүүл мэнд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Боловсрол шинжлэх ухааны Сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа, Соёлын Сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ, Уул, уурхай хүнд үйлдвэрлэлийн Сайд Г.Ёндон нар цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн нь Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт ихээхэн анхаарал хандуулж, нийгмийг эрүүлжүүлэх үйлсэд бусад салбарын оролцоо нэмэгдэж байгааг илэрхийлсэн үйл явдал болов. Ерөнхий сайд мэндчилгээндээ ДЭМБ зүгээс Монгол улсад байнга дэмжлэг үзүүлж байдагт талархал илэрхийлэн Ковид -19 цар тахлын эсрэг тэмцэхэдч ДЭМБ-ын зүгээс ихээхэн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.
Мөн ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Др.Такеши Касай Монгол Улс ДЭМБ-ын гишүүн орноор элссний 60 жилийн ойн баяр хүргэж, Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2022 арга хэмжээнд оролцогчдод амжилт хүссэн видео мэндчилгээ дэвшүүлэв. НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Монгол Улс дах Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица нар мэндчилгээ мөн дэвшүүлж үг хэллээ. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Монгол Улсын Засгийн газар, Монгол улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Нэгдсэн Үндэстний төрөлжсөн байгууллагын төлөөллүүд, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрын хамт олон болон Монгол Улсад суугаа онц өгөөд бүрэн эрхт элчин сайдууд, эрүүл мэндийн яам, харьяа байгууллагын дарга, удирдлагууд оролцлоо.
Эрүүл мэндийн сайд, С.Энхболд хэлсэн үгэндээ Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, иргэнд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин, нөхцлийг бүрдүүлэхэд нийгмийн бүх салбаруудын оролцоо шаардлагатай. Баригдаж байгаа барилга, засаж байгаа зам, үйлдвэрлэж байгаа хүнсний бүтгээдэхүүн гээд бүх салбарын бүтээгдэхүүнүүд хүнд ээлтэй эрүүл мэндийг дэмждэг хамгаалдаг байх ёстой. Иргэн бүрийн эрүүл мэнд тухайн улсын үндэсний баялаг билээ. Монгол Улсын иргэн бүр өөрийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл байх нь эх орон, эх дэлхийнхээ эрүүл мэндэд оруулах чухал хувь нэмэр юм. Монгол Улсын Засгийн газраас хүн амыг урьдчилан сэргийлэх, илрүүлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлыг 5 дугаар сарын 01-нээс улсын хэмжээнд эхлүүлэхээр, бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар иргэдийн эрүүл мэнддээ анхаарал хандуулах, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлэх зэрэг ажилд иргэд, аж ахуйн нэгж байгууллага бүрийн идэвх оролцоо, манлайлалыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Эдгээр арга хэмжээний дүнд Монгол хүний эрүүл мэндийн байдал сайжирч, сэргийлж болох өвчлөл, нас баралтыг бууруулж, хүн амын дундаж наслалт нэмэгдэх боломжтой гэж онцлон тэмдэгллээ.
Арга хэмжээнд ахмад үеийн төлөөлөл, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 6 хорооны иргэн, хүний их эмчээр 30 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмад эмч Лувсандоржийн Оюун, Монголын эрчүүдийг төлөөлж, Жендэрийн Үндэсний Хорооны Эрэгтэйчүүдийн Хөгжлийн Асуудал хариуцсан мэргэжилтэн Дашгүнсэнгийн Батхишиг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийш төлөөлж, Ахиллис Монгол ОУБ-ын тэргүүн, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, Хиймэл хөлтэй марафончин Отгоны Саранчулуун, Жирэмсэн ээжүүдийг төлөөлж, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 2 хорооны иргэн 2 дахь хүүхдээ хүлээж байгаа ээж Гантөмөрийн Долгормаа, Өсвөр үеийн хүүхдийн төлөөлөл болж Өсвөрийн Парламентийн бүлгийн гишүүн Элит сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мэндбаярын Гарьд нар “Бидний эх дэлхий - Бидний эрүүл мэнд” сэдэвт Дэлхийн эрүүл мэндийн өдрийн үйл ажиллагаанд баяр хүргэж, хэлсэн үгэндээ “Эрхэм баян-эрүүл мэнд” болохыг тодотгон, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд талархал илэрхийлэхийн чацуу иргэн бүр эрүүл мэндээ хамгаалах нь эх орон, эх дэлхийнхээ эрүүл мэндэд оруулж байгаа хувь нэмэр гэдгээ тодорхойлон хэлсэн нь эрүүл мэнд гэдэг ойлголтын гадна нэг ч хүн, нэг ч байгууллага, салбар үлдэх ёсгүй гэдгийг харуулсан үйл явдал боллоо.