Түймрийг унтраахад онгоц ашиглахаар тохиролцжээ

Ой хээрийн түймрийг унтраахад онгоц ашиглах зайлшгүй шаардлагатай гэдгийг энэ зуны түймэр дахин сануулав. Учир нь хүн хүч хүрэлцээтэй хэдий ч түймрийн зарим голомтод хүрч чадахгүй, нисдэг тэрэг шаардлагатай байгаа. Иймд  олон нийтийн зүгээс  түймэр унтраах нисдэг тэрэг, онгоц авах санаачлагыг гаргаад, хандивын аян эхлүүлээд байгаа.

Харин өнөөгийн нөхцөл байдалд ОБЕГ-аас  ОХУ-ын Онцгой байдлын яамны холбогдох удирдлагуудтай холбогдон түймэр унтраахад агаараас дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргажээ.

Энэ  хүсэлтийн дагуу ОХУ-ын  Онцгой байдлын яам дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бөгөөд Сибирийн мужийн онцгой байдлын газартаа чиглэл өгсөн байна.  Тус мужийн онцгой байдлын газраас өнөөдөр хариу өгч, агаараас түймэр унтраах нөхцөл бүрдэх байх хэмээн ОБЕГ-ын дарга мэдээлэлдээ дурдсан. Мөн ЗТХ-ийн сайд ч холбогдох техник хэрэгслээр хангаж болохоо мэдэгдэж байлаа.

Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр Зам, тээврийн хөгжлийн яам нэр бүхий хоёр аж ахуйн нэгжийн онгоцыг ашиглах талаар тохиролцоонд хүрчээ. Эдгээр онгоц нэг удаагийн нислэгээр 1-2 тонн ус тээвэрлэн түймрийн голомтод цацах боломжтой юм байна.