Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар аагим халуун болох төлөвтэй байна. Мөн баяр наадмын амралтын өдрүүд үргэлжилж байгаатай холбогдуулан иргэд гол ус бараан амарч зугаалахдаа анхаарал болгоомж алдан усанд осолдох эрсдэл дагуулж байна.
Тухайлбал, долоодугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Сэлэнгэ мөрний усанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат иргэн 25 настай М, Хангал сумын харъяат иргэн 17 настай Ч нар живсэн тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 33 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажлыг зохион байгуулж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Цөх багийн “Гүн нуур” гэдэг газар нуурын усанд Орхон аймгийн харъяат иргэн 23 настай М, 21 настай Хнар живсэн тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 17:00 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, орон нутгийн долоон иргэн, нийт 13 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 20:05 цагт цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм. Тиймээс хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа болон амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.