Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНСУ-ын Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч, Олимпын аварга, алдарт тамирчин Рю Син Мин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга мөн байлцсан юм.
Уулзалтын үеэр талууд 2023 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах Зүүн Азийн залуучуудын II спортын наадмын талаар санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улс, БНСУ-ын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засаг, соёл, урлаг, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт өргөжин хөгжсөнийг дурдав. Мөн цаашид Улаанбаатар хотыг олон улсын стандартад нийцсэн, гадаад дотоодын хөрөнгө оруулалт болон бизнесийн таатай орчныг бүрдүүлсэн, тогтвортой хөгжлийг түүчээлсэн эрүүл, спортлог иргэдтэй хот болгон хөгжүүлэхийн төлөө ажиллаж буйг онцоллоо.
БНСУ-ын Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч, Олимпын аварга алдарт тамирчин Рю Син Мин хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж олон хүүхэд, залуучууд ширээний теннисний спортоор шамдан хичээллэж, ирээдүйн олон олон тив дэлхийн медальтнууд төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр спортын чиглэлээр олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх өргөн боломж бий болохыг хэллээ.
Ташрамд дурдахад Зүүн Азийн залуучуудын наадам нь Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогддог, бүс нутгийн хэмжээний томоохон наадам юм. Зүүн Азийн наадмын холбоо болон МҮОХ-ны төлөөлөгчид 2017 онд гурвалсан гэрээнд гарын үсэг зурж, 2023 онд Монгол Улсын нийслэлд Зүүн Азийн залуучуудын II наадмыг зохион байгуулахаар албан ёсоор шийдвэрлэсэн юм.