“Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” тогтоолын төслийг өргөн барив

УИХ-ын дарга Г.Занданшатарт “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Э.Батшугар, Х.Ганхуяг, Г.Дамдинням, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар өргөн мэдүүллээ.

“Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэж Үндсэн хуульдаа заасан боловч, төрийн өмч зонхилсон бүтэц, тогтолцоотой болжээ.

Тухайлбал, 2012-2020 оны хооронд улсын төсвийн зарлага ДНБ-ий 33,2 хувьтай тэнцэж, ДНБ-ий 22,2 хувийг төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлжээ.

Шилэн дансанд бүртгэлтэй 460 компани, үйлдвэрийн газраас томоохон 107 компани  сүүлийн 10 жилийн хугацаанд нийт татварын орлогын 33 хувийг бүрдүүлсэн байна. Гэтэл Монгол Улсад нийт татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн тоо 228 мянга гаруй байгаа бөгөөд дээрх 107 компани нь үүний 0,05 хувьтай тэнцэж байна. Тэгэхээр нийт аж ахуйн нэгжүүдийн 99,95 хувь нь татварын нийт орлогын үлдсэн хэсгийг төлдөг гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, Монголын бизнесийн хамгийн өгөөжтэй, далайцтай макро эдийн засгийн орчинд бодитоор нөлөөлөхүйц хэсгийг нийт компаниудын 0,05 хувь буюу төрийн өмчит компаниуд л хариуцан эрхэлж байгаа ажээ.

Түүнээс гадна гадаадад хувьцаа нь арилжаалагдаж буй Монголд бүртгэлтэй компаниудын хувьцааг Монголын хөрөнгийн биржид  арилжаалах эрх зүйн үндсийг  тавьсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох заалтын хэрэгжилтийг хангахад энэхүү тогтоолын төсөл чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Мөн одоо үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах зорилгоор санхүү, нягтлан бодох хяналтыг сайжруулах, Шинэ сэргэлтийн бодлогын хөтөлбөрийн зохих заалтын дагуу Монголын хөрөнгийн биржид хувьцааг нь арилжиж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулах зэрэг асуудлуудын хүрээнд тогтоолын төслийг боловсруулсан  байна.

Өнөөдөр төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээд нээлттэй, ил тод байдал дутагдсанаас хөрөнгийн үр ашиггүй зарцуулалт бий болох, удирдлагын алдаатай шийдвэрт харицлага тооцдоггүй, ашиг сонирхлын зөрчил үүсч, авлига тэлэхэд нөлөөлж байна.

Үүний жишээ тод бол Хөгжлийн банкны зээл олголттой холбоотой асуудал юм. Зээл олгох зүй ёсны бүхий л шалгуур улс төр, танил тал зэргийн дарамтад бүдгэрсэн нь ил болоод байна.

Хөгжлийн банкны 1,8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн 30 хувь нь төрийн өмчит аж ахуйн нэгжид ноогдож байна.

Энэ мэт нөхцөл байдлаас шалтгаалан “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” тогтоолын төслийг боловсруулсан ажээ.

Харин энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар олон хэвшил бүхий эдийн засгийн бодитоор хөгжүүлэх, ДНБ-д төрийн салбарын эзлэж буй жин хэмжээг бууруулах, хувийн хэвшилд суурилсан чөлөөт эдийн засгийн тогтолцоог баталгаажуулах, баялгийн хувиарлалтаа зохистой, шударга байхад ахиц дэвшил гарна гэж үзсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.