Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа. Тэрбээр нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгч, цаашид эдийн засгийн аюулгүй байдлаа хангахын тулд бүх түвшинд хичээн зүтгэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “100 жил-Хөгжлийн 10” зорилтыг хэрэгжүүлснээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн суурь, цаашид өрхийн орлого болон амьжиргаа сайжирч, эрүүл мэнд, боловсролоос эхлээд монгол хүний хөгжил бүрэн хангагдах учиртайг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, хүнсний хангамж, аюулгүй байдал, архидалттай тэмцэх зэрэг чиглэлд хийж байгаа ажлыг ард иргэд, тэр дундаа Хэнтийчүүд дэмжиж, идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийллээ.
Ялангуяа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд гэхэд л ирэх 10 жилд 22 мянган га талбайд 45 сая мод тарьж ургуулахаар төлөвлөснийг онцлов.
Цаашид үндэсний эв нэгдлээ улам бэхжүүлж, дор бүрнээ ёс зүйтэй, сахилга хариуцлагатай байхын чухлыг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх иргэдтэй уулзсаныхаа дараа олон хүүхэд төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн 10 эхэд Алдарт эхийн I зэргийн, 19 эхэд хоёрдугаар зэргийн одон гардуулж, баяр хүргэлээ.
Уулзалтад Хэнтий аймгийн 70 гаруй мянган иргэний төлөөлөл болох 1,200 гаруй хүн оролцлоо.