Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, экспортлохыг түр түдгэлзүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургадугаар сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, экспортлохыг түр түдгэлзүүллээ

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлыг удирдан зохион байгуулах, цаашид хяналтын тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангуулах зорилгоор дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлох үйл ажиллагааг энэ оныг дуустлах хугацаанд түр түдгэлзүүллээ.

Мөн мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг чангатгаж, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл эрхлэх дүгнэлтийг цуцлахыг Мэргэлийн хяналтын газрын дарга Б.Баасандоржид үүрэг болголоо.
Нийслэлийн нутаг дэвсгэрт дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөх буюу хориглох бүс тогтоох, үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд, ХХААХҮ-ийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт Ерөнхий сайд даалгав.

Мөн төрийн өмчийн лабораториудын шинжилгээ хийх чадавхийг сайжруулах, нэгдсэн тогтолцоотой болох асуудлыг судалж танилцуулах, буруутай албан хаагчдад хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцохыг үүрэг болголоо.

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталлаа

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталлаа. Техникийн зохицуулалтын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагад үүрэг болголоо.
Техникийн зохицуулалт нь хүнсний зориулалтаар бэлтгэх малын эрүүл мэнд, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмж, технологийн эрүүл ахуй, хөргөлтийн байгууламжид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагууд, ажиллагчдын эрүүл мэнд, ариун цэвэр, эрүүл ахуй, мах, махан бүтээгдэхүүний тээвэрлэлт, худалдаанд баримтлах техникийн зохицуулалтын шаардлагууд, хүний нөөцийн чадавхи, энэхүү харилцаанд оролцогч талуудын хамтын ажиллагаа, үүрэг хариуцлага, хяналт баталгаажуулалтын тогтолцоог хамаарах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.