Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлыг удирдан зохион байгуулах, цаашид хяналтын тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулж, холбогдох шийдвэрүүд гарсан тухай Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.
Тухайлбал, Эмээлт дэх дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 31 аж ахуйн нэгжийн 14 үйлдвэрийнх нь барилга, байгууламж болон үйлдвэрлэлийн технологийн тоног төхөөрөмж хэрэгсэл нь стандартын шаардлага хангаагүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн тул тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоохоор шийдвэрлэжээ.
Мөн Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсгийн Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангуулах зорилгоор дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлох үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр түдгэлзүүлэх боллоо. Өнгөрсөн хугацаанд Хяналт шалгалт хангалттай хийгээгүй гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлагууд болон ХХАХҮЯ, МХЕГ, Стандарт хэмжилзүйн газрын зарим албан тушаалтанд хариуцлага тооцох болсныг Шадар сайд хэлсэн юм.
Монгол хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой хүнсний аюулгүй байдлыг Засгийн газар цаашид онцгой анхаарч, Мал эмнэлгийн нэгдсэн системийг боловсронгуй болгож мал төхөөрөхөөс эхлээд мах боловсруулах, ангилах, хадгалах, тээвэрлэх, худалдан борлуулах зэрэг бүх шат дамжлагад гарал үүсэл, эрүүл ахуй, ариун цэврийн стандарт хангуулах, чанарын баталгаажуулалтыг хийх, хянах тогтолцоог бүрдүүлэх цогц ажлыг хийхээр болсныг мөн энэ үеэр онцоллоо.
Түүнчлэн төрийн өмчийн лабораториудыг нэгдсэн тогтолцоотой болгох, тоног төхөөрөмжийг сайжруулах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний бүтэц, найрлагыг нарийвчлан тогтоох, зарим эрсдэл ихтэй хүнс, хүнсний нэмэлтийг иж бүрэн шинжлэх чадамжийг дээшлүүлэх, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах, судалгаа шинжилгээ хийх чиглэлээр чадавхжуулах асуудлыг төр, засгаас анхаарч ажиллана гэлээ.