Улсын хэмжээнд олон тооны түймэр асч байна. Олон нийт ОБЕГ-ын гал сөнөөгчдөд хандив тусламж өргөсөөр байгаа билээ. Тэгвэл энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын арслан Ц.Содномдорж өчигдөр ОБЕГ-т наадмын бай шагналаасаа хандив өргөжээ.
ОБЕГ-ын удирдлагууд түүнд талархал илэрхийлээд, ирэх жилийн наадамд дахин түрүүлэхийг ерөөв. Мөн наадмын үзүүр бөх улсын гарьд Ө.Бат-Орших, шинэхэн начин Б.Хишигбаатар, Д.Тамир нар иргэний үүргээ биелүүлж, түймрийн аюултай тэмцэж буй алба хаагчдад туслах аянд нэгдэн ОБЕГ-т мөнгөн хандив өргөсөн байна.