Говь-Алтай аймгийн бөхчүүд цахилгаан бороохой барин хүч хэрэглэхийг завджээ

Монгол бөхийн өргөөнд бөхчүүд болон МҮБХ-ны удирдлагуудын хооронд үйл ойлголцол үүсч, маргаан дэгджээ. Тэгвэл энэ талаар бөх сонирхогч дэмжигч Д.Гантулга, МҮБХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Ариунболд нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

МҮБХ-ны хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Ариунболд Улсын дээд шүүхийн 2013 оны 403 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилготойгоор Баянзүрх дүүргийн Засаг даргаас жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл авч, өчигдөр 18:00 цагийн үед Р.Нямдорж даргатай ажлаа хүлээлцэхээр Монгол бөхийн өргөөнд очсон байна. Тухайн үед МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж байгаагүй аж. Ирэхийг нь хүлээгээд сууж байтал шөнө 23:00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн 40 орчим бөх хүч түрэн орж ирэн гарч явахыг шаардсан байна. Тэдний гарт цахилгаан бороохой байжээ.

Эдгээр бөхчүүдийн дунд Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын гарьд Ж.Бат-эрдэнэ, Улсын заан Б.Соронзонболд, Улсын начин С.Багахүү, Улсын начин Б.Хишигбаатар, Улсын начин Д.Лхагвадорж, Улсын начин Л.Өлзийбаяр, Аймгийн арслан А.Хосбаяр, Аймгийн начин П.Гаанжуурсүрэн, Аймгийн начин Ө.Дүүрэнбаяр нар байжээ. Энэ үеэр МҮБХ-ны хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Ариунболд “Бидний зорилго тэдэнтэй маргалдах биш байсан учраас бид өргөөнөөс гарах гэтэл хаалга цоожтой байсан. Гэтэл Улсын гарьд Н.Ганбаатар өшиглөөд онгойлгочихсон. Говь-Алтай аймгийн бөхчүүд сайн зохион байгуулалттайгаар Р.Нямдоржийг аврахыг боддог юм байна. Бусад аймгийн бөхчүүд тухайлбал, манай Өвөрхангай аймгийн бөхчүүд ахыгаа, аавыгаа аврахаар улсын арслангаас, сумын заан хүртэл нэгдээд ирэхгүй. Говь-Алтай аймгийн бөхчүүд сайхан нэгддэг юм байна. Гэхдээ цаана нь 20 аймаг бий шүү. Р.Нямдорж Увсынхан бөх биш гэх юм ярьдаг. Увсынхан нэг юм тунгаана биз. Тэмцэл хийх талаар ярьж л байна лээ. МҮБХ-ны тэргүүний асуудлыг нэг тийш нь шийдэхгүй асуудал даамжирвал бөхчүүд хоорондоо хагаралдаж, долдугаар сарын 1-ний дайтай үймээн ч дэгдэж магадгүй байна” гэлээ.

1 сэтгэгдэл

Comments are closed.