Нийслэлийн хэмжээнд 95 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан зохион байгууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэн цэгнэдэг онцлогтой. Нийтийн тээврийн салбарт 23 ажил хийхээр төлөвлөснөөс гүйцэтгэл 73 хувьтай байгаа ажээ. Одоогийн байдлаар парк шинэчлэлт, тээврийн хэрэгслийн техникийн үзлэг шалгалт, шаардлагатай шатах тослох материалын нөөцлөлтөд анхааран ажиллаж байна. Сурагчдын 158 автобус өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд гарч байна. Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг 98 хувьтай асаж буй ажээ.

САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ 227 БОРЛУУЛАГЧИЙГ ШИНЭЭР СОНГОН ШАЛГАРУУЛАВ

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлш 95 мянган тонн, мидлинг 193 мянган тонн, барьцалдуулагч 3000 тонн, 788 мянган ширхэг шуудайны нөөцтэй байгааг шуурхай зөвлөгөөний үеэр онцоллоо.

Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд:

-2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Тавантолгой түлш ХХК-тай хамтын ажиллагаагаа нягтруулан ажиллаж байна. Нийслэлийн зүгээс түлшний нөөцлөх агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг хариуцан ажилладаг гэдгийг дахин сануулъя. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 95 мянган тонн түлш нөөцлөөд байна. Тээвэрлэлтийг 31  компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Есдүгээр сарын 15-аас борлуулалт эхлүүлэхээр үйлдвэрээс нөөцлөн түлшээ тээвэрлэнэ.  Энэ жилийн хувьд 650 борлуулалтын цэг ажиллуулна. Өмнөх жилд гэрээний гүйцэтгэл нь зуун хувьтай, үүргээ амжилттай гүйцэтгэсэн 423 борлуулалтын цэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Харин 227 цэгийн борлуулагчийг шинээр сонгон шалгаруулсан гэсэн юм.

Хот тохижилтын газрын тухайд тээврийн хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангаж, засвар үйлчилгээг хийж дуусгажээ. Цас орж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 2000 тонн бодис, 886 тонн давсны нөөцтэй бөгөөд зам талбайн 270 үйлчлэгчид дулаан хувцас, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах багаж хэрэгслээр хангахаар тооцож бэлтгэл хангасан байна. Тус газраас нийслэлийн хэмжээнд 33 байршилд тохижилтын ажил хийж байгаа бөгөөд тохижилтын ажлын гүйцэтгэл 70 хувьтай байгаа юм. Мөн Нийслэлийн Засаг даргын санаачилсны дагуу 34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай тохижуулж байгаа аж.