Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод хэв журмын нөхцөл байдал ямар байсан талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллагын удирдлагууд өглөө.
Тээврийн Цагдаагийн алба, Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд:
-Өнгөрч буй хугацаанд нийслэлийн гудамж замд 481 алба хаагч хяналт тавьж үүрэг гүйцэтгэсэн. Хяналт шалгалтаар 38,529 зөрчил, камерын хяналтаар 26,496 зөрчлийг илрүүлж ажилласан. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1023, согтуугаар зам тээврийн осол хэрэг гаргасан 23 зөрчлийг илрүүлэн баримтжуулан шалгаж байна. 14 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албанд 3615 дуудлага мэдээлэл ирсэн. 3500 нь зам тээврийн осол аваар байсны улмаас 48 иргэн гэмтэж бэртсэн байна. Тэдний 33 нь явган зорчигч юм. Осол аваарын дуудлага өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийслэлийн хэмжээнд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулж ажиллалаа. Энэ ажлын үр дүн сайн гарсан бөгөөд ерөнхий боловсролын сургууль орчимд элдэв хэрэг зөрчил гараагүй, иргэд дугаарын хязгаарлалтад идэвхтэй оролцсон гэв.
Нийслэлийн ОБГ-ын дарга, хурандаа А.Дашням:
-Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 38, усны холбогдолтой гурав, аврах ажиллагааны долоо, өндрөөс аврах ажиллагааны нэг дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэлээ. Гал түймрийн аюултай бүсээс 171 иргэнийг аварч, 7 905 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна. Өнгөрсөн оны мөн үеэс дуудлагын тоо 22.9 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Туул, Хэрлэн, Тэрэлж голын завьт эргүүл гаргасны сацуу тарваган тахлаас сэргийлэх хууль бусаар агнан нийслэлд нэвтрүүлэхээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд хяналт шалгалтаар 15 ширхэг тарваганы мах илрүүлж, Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгсөн. Есдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин таван аймгийн найман суманд, мялзан өвчин таван аймгийн 12 суманд, хонины цэцэг өвчин нэг аймгийн нэг суманд, үхрийн арьс туурах өвчин дөрвөн аймгийн найман суманд тус тус бүртгэгдсэн. Тиймээс малын халдварт өвчнийг нийслэлд нэвтрүүлэхгүй байх чиглэлийн бүхий л арга хэмжээг зохион байгуулж байна гэлээ.
ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН САНАЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙГ САЙЖРУУЛНА
Нийслэлийн удирдах ажилтнуудын анхаарлаа хандуулсан дараагийн асуудал нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал гомдол байв. Энэ талаарх мэдээллийг НЗДТГ-ын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат өгсөн. Тэрбээр хэлэхдээ “Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудад хаягласан 52,263 өргөдөл гомдол иргэдээс ирсэн байна. Үүнээс гомдол 17,669 байна. Үүнийг өнгөрсөн хоёр жилтэй харьцуулбал хоёр дахин нэмэгдсэн дүн. Энэ нь Ковид-19 цар тахлын жилүүдийг үдэж, ажил амьдрал жигдэрсэн тул иргэдийн идэвх ч сэргэсэн гэж үзэж болохоор байгаа юм. Өргөдөл гомдлын дийлэнх нь хот барилга байгууламж, эрүүл мэнд, гудамж талбайн тохижилт, инженерийн байгууламжийн үйл ажиллагаа, авто зам, боловсрол, газрын харилцаа зэрэг найман салбартай холбоотой байна. Гудамж талбайн тохижилт, үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал өмнөх жилээс 2.5 дахин өссөн бол газрын харилцаатай холбоотой гомдол гурав дахин, боловсролын салбартай холбоотой гомдол тав дахин өссөн үзүүлэлттэй байна” гэсэн юм.
Иргэдээс ирсэн гомдол саналын давтамжаас харахад ОСНААУГ, УСУГ, Хот тохижилтын газруудын үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол зонхилжээ. Нийт гомдлын тоо хоёр дахин өссөн ч шийдвэрлэлт харьцангуй сайжирсныг мөн үеэр онцолж байлаа. Тиймээс цаашид өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр байгууллагууд санаачилгатай ажиллах, шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлийг тодорхой бичиж хэвших, байгууллага бүр боломжийн хүрээнд өргөдөл гомдлыг шуурхай, бүрэн барагдуулж шийдвэрлэж заншихын чухлыг санууллаа. Жил бүрийн ес, аравдугаар сард иргэд авто замын түгжрэл, тээврийн хэрэгслийг ачиж тээвэрлэж буй байдал, сайжруулсан шахмал түлшний чанар, боловсролын байгууллагын үйлчилгээтэй холбоотой санал гомдлыг олноор ирүүлдэг байна. Хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбоотой орон сууцны халаалт, дулаан, халуун ус тасалдал байгааг онцлон мэдээлдэг тул мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлд анхаарлаа хандуулах нь зүйтэй хэмээн өгүүллээ.