Өнгөрсөн 8 дугаар сард НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Сургалтын нэгдсэн албанаас “НҮБ-ын Цэргийн ажиглагч офицер”-ын сургалтыг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны сургалтын стандарт шаардлагыг хангаж буй эсэхэд үнэлгээ өгөх зорилгоор мэргэжлийн шинжээчид Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд ажилласан. Улмаар манай улсын зохион байгуулж байгаа энэхүү сургалт НҮБ-аар хүлээн зөвшөөрөгдөж, НҮБ-ын сургалтын Сертификат олгохоор шийдвэрлэсэн билээ. Ингэснээр Монгол Улс болон дэлхийн бусад улс орнуудын Зэвсэгт хүчний офицерууд манай улсад НҮБ-ын шалгуур хангаж, хүлээн зөвшөөрөгдсөн сургалтад хамрагдах боломж бүрдлээ.
Өчигдөр /2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр/ Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх, хурандаа Д.Ганхуягт НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Сургалтын нэгдсэн албаны дарга Марк Педерсон Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд зохион байгуулдаг “НҮБ-ын Цэргийн ажиглагч офицер”-ын сургалтыг хүлээн зөвшөөрсөн сертификатыг гардуулсан байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнийг бэлтгэх зорилгоор 2003 оноос хойш тасралтгүй “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны хээрийн болон Команд штабын сургууль, ЭСА-ны цэргийн ажиглагч офицерын дамжаа, Штабын офицерын дамжааг бусад улс орнуудын цэргийн алба хаагчдыг оролцуулан зохион байгуулдаг болж, жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж байна.
Таван толгой дахь Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд НҮБ-ын цэргийн ажиглагчийн дамжааг 2009 хойш нийт 14 удаа зохион байгуулж, гадаад улсын 82, Монгол Улсын 253 цэргийн алба хаагчид хамрагдаж, НҮБ-ын ЭСА-нд үүрэг гүйцэтгэх мэдлэг, чадвар, дадлагыг эзэмшүүлээд байна.