Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул, Орхон аймгуудад байрлах Зэвсэгт хүчний анги, салбарт ажиллаж байна.
Тэд өчигдөр Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай танилцжээ. Энэхүү мод үржүүлгийн газар нь одоогийн байдлаар 2.5 га талбайд шинэс, гацуур, агч, хайлаас, шар хуайс, буйлс зэрэг моддыг үрээр, бургас, шар хуайс, улиас зэрэг модыг суулгацаар тариалжээ.
Ажлын хэсгийнхэн Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаа, тариалангийн талбайн ургац хураалттай ч танилцсан юм. Тус ангийн Эрчимжсэн мал аж ахуй нь үнээний "Грэйфорд" үүлдрийн махны чиглэлийн үхрийн удам угшлыг нь сайжруулах, махны чиглэлийн үхрийн цөм сүрэг байгуулах үндсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 4 дүгээр багцын бүтээн байгуулалтын үйл явц хэрхэн явагдаж байгааг шалгасан байна. Эл бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний 342 дугаар анги оролцож байгаа бөгөөд 30 ширхэг гүүр хоолой, 25 километр авто замын доод бүтцийн ажлыг хийж гүйцэтгэн дуусгах шатандаа явж байна. Энэ хүрээнд ажлын хэсгийнхэн Дархан-Уул аймгийн удирдлагуудтай албан уулзалт хийж зарим асуудлыг шийдвэрлэлээ.