Х.Нямбаатар: Хиагт орчимд 60 орчим автомашины цуваа үүссэн байна

ОХУ-аас Монгол Улс руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж, Хиагт орчимд урт дараалал үүссэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан.

Үүнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар албан ёсоор тайлбар өглөө. Тэрбээр, “Алтанбулаг боомтоор өнөөдөр 8.00-12.00 цагт зургаан орны 170 иргэн Монгол Улс руу орж ирсэн. Үүнээс 4 нь Монгол, 74 нь ОХУ-ын иргэн байгаа бол үлдсэн нь бусад орны иргэн байна. Хилийн боомтод нэг тээврийн хэрэгслийг бүрэн шалгаж оруулахад 8-10 минут зарцуулж байгаа. Олон нийтийн сүлжээнд “Хиагт орчимд Монгол руу чиглэсэн автомашины цуваа их байна” гэсэн мэдээлэл гарсан. Хиагтад 60 орчим автомашин байна гэсэн тоо ирсэн. Ерөнхийдөө энэ сарын 21-нээс хойш Монгол тал руу зорчигчийн хөдөлгөөн ихэссэн байгаа. Монгол, ОХУ-ын иргэн 30 хоногт харилцан визгүй зорчих хэлэлцээртэй тул гадаад паспорттой, өмнө нь зөрчил гаргаж байгаагүй хүмүүсийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй” гэлээ.