Цэргийн мэргэжлийн зэрэг олголоо

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын болон ЗХЖШ-ын даргын тушаалаар Батлан хамгаалах яам түүний харьяа байгууллагын цэргийн мэргэжлийн бататгах шалгалтад тэнцсэн зарим алба хаагчдад өнөөдөр БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа Ч.Гандирваа цэргийн мэргэжлийн II, III зэргийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулан амжилт хүслээ.

Энэхүү үйл ажиллагаа нь цэргийн сургалт бэлтгэлийн чанар, алба хаагчдын албандаа хандах хандлага, өөрийгөө хөгжүүлэх идэвх санаачилгыг дээшлүүлэх түүнээс хамааран цалин, нийгмийн хангамжийг нэмэгдүүлэх замаар Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чадварлаг бие бүрэлдэхүүнээр хангах зорилготой.

Цэргийн алба хаагч мэргэжлийн зэрэг эзэмшсэн тохиолдолд III зэрэгт 5 хувь, II зэрэг 10 хувь, I зэрэгтэй бол 15 хувиар тооцож үндсэн цалин дээр нэмэгдэл олгогддог.

Алба хаагчид мэргэжлийн зэрэг эзэмшихийн тулд биеийн тамирын бэлтгэлийн стандартыг хангасан байх, цэргийн сургалт бэлтгэлээр “Сайн”-аас дээш болоод төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ “Хангалттай” болон түүнээс дээш байх, цэргийн сургууль, дамжаа төгссөнөөс хойш хоёр ба түүнээс дээш жил ажилласан офицер, ахлагч, цэргийн гэрээт албанд элсэж нэг ба түүнээс дээш жил алба хаасан цэргийн гэрээт алба хаагчид дээрх үндсэн шаардлагыг хангасан байх шаардлагатай.
Мөн Батлан хамгаалахын сайдын 2021 оны А/75 дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Цэргийн мэргэжлийн зэрэг олгох журам”-ын дагуу урьд нь мэргэжлийн зэрэг олгохдоо зөвхөн тухайн алба хаагчийн шалгалтын дүнг үндэслэдэг байсан заалтыг халж нэмэлтээр, шалгалтад орох алба хаагчийн хариуцсан цэргийн нэгтгэл, анги, байгууллага, салбар, алба, тасаг, нэгжийн хувьд сүүлийн хоёр жил ажлын хариуцлага алдаагүй, алба хаагч нь захиргааны болон сахилгын ноцтой зөрчил, дутагдал гаргаагүй байх ёстойг зүйлчилж өгсөн.

Тус заалт нь хариуцсан нэгж нь хангалтгүй дүн үзүүлсэн, алба хаагчид нь сахилгын зөрчил гаргасан тохиолдолд мэргэжлийн зэрэг эзэмшдэг явдлыг халж, таслан зогсоох улмаар цэргийн нэгтгэл, анги, салбар, байгууллагууд хууль, дүрэм, журам сайтар мөрдөх, цэргийн алба хаагчдын ёс суртахуун, албандаа хандах хандлагыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.