МХЕГ-ыг 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс татан буулгаж, салбарын хяналтын үйл ажиллагааг салбарын яамдад хариуцуулахаар болжээ.
Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэхдээ, “Салбарын яамдаар дамжуулан хүний эрүүл мэнд, амь настай холбоотой онцгой болон тусгай чиг үүргийн хяналт шалгалтаас бусад боломжит чиг үүргийг хувийн хэвшил, ТББ-аар гүйцэтгүүлэх чиглэлийг барьж ажиллана гэдгийг өмнө нь мэдээлж байсан.
Монгол Улсын хувьд төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хуулиар зохицуулах хяналтын нэгдмэл тогтолцоог бий болгох зорилгоор Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг 2003 онд шинэчлэн баталж салбарын сайд тус бүрийн дэргэд байсан улсын хяналтын 13 албан нэгжийг нэгтгэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг байгуулан ажиллаж байсан.
Одоогоор Мэргэжлийн хяналтын байгууллага 1600 гаруй алба хаагчтай. Тогтолцооны хувьд МХЕГ 21 аймаг, нийслэлд Мэргэжлийн хяналтын газар, дүүрэгт Мэргэжлийн хяналтын хэлтэстэй үйл ажиллагаа явуулж байсан.
МХЕГ 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлсээр ирсэн ч цаашид өөрчлөн шинэчлэх шаардлагатай гэж үзэн холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. 83 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг хуулийн төслийг шинээр бичиж, 2023 оны төсвийг дагалдуулан өргөн барьсан. Мэргэжлийн хяналтын байгууллага нь 26 чиглэлийн хяналтыг хийдэг, 1600 гаруй албан хаагчтайгаас гадна мэргэжлийн яамдад давхардсан тоогоор 1400 гаруй байцаагч мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг явуулж байгаа нь бодитой болсон" гэлээ.
Мөн тэрбээр, Мэргэжлийн хяналтын байгууллага нийт 26 чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Уг агентлагийг 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс татан буулгаж, Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлаг байгуулна гэдгийг мэдээлэв.