Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал Нагоя башёд түрүүлж, 39 дэх түрүүгээ хүртсэн. Тэрбээр тус башёд озэки Кайогийн 1047 давааг 1050 болгон ахиулж, хамгийн олон ялалт авсан бөхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм.
Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнээ түүхэн амжилт үзүүлээд байгаа тэрбээр өчигдөр эх орондоо хүрэлцэн ирлээ. Тэрбээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардан, буусан даруйдаа хэвлэл мэдээллийнхэнтэй уулзалт хийж, ярилцлага өглөө.
Уулзалтын үеэр Хакухо М.Даваажаргал "Дээд зиндаанд Японы домогт аварга Чиёонофүжи, Монголчуудын хайртай озэки Кайо нарын дээд амжилтыг шинэчлэн ноён оргилд нь гарсны дараа эх орондоо ирсэндээ их баяртай байна. 14 дэх өдөр дэвжээн дээр гарахад асар хүнд байлаа. Нэг том давааны ард гарсан гэдэг утгаараа ханасан байсан. Гэхдээ 39 дэх түрүүгээ аваад эх орондоо харихын тулд өөрийгөө дайчлан дэвжээн дээр гарсан. Ойрын зорилго бол ёкозүна цолтой хамгийн олон башё барилдсан их аварга Китанонимийн тогтоосон 63 башёг ахиулах, мөн дээд зиндаанд 1000-аас дээш даваа авах гэх мэт тодорхой хэмжээний шат ахиулсан зорилгууд байгаа" гэсэн юм.