Монгол Улс, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Улаанбаатар, Монтевидео хотууд хооронд хамтын ажиллагаа тогтоох тухай Эрмэлзлийн бичигт гарын үсэг зурахаар тохиролцсон. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Фернандо Лугрисыг хүлээн авч уулзан, харилцаа тогтоох талаар санал солилцлоо.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Монгол, Уругвай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байгаад баяртай байна. Хамтын ажиллагаа тогтоох тухай Эрмэлзлийн бичгийн хүрээнд олон салбарт хамтрах боломж өргөн байна” хэмээв.
Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Фернандо Лугрис “Өнгөрсөн 25 жилийн турш хоёр улсын Засгийн газар нягт холбоотой хамтран ажилласан. Мөн хоёр орны хувьд өөр тивүүдэд байрладаг хэдий ч хөдөө аж ахуй, хүн ам, энхийг сахиулах салбарын үйл ажиллагаа зэрэг олон салбарт нийтлэг шинж олонтой” хэмээн онцоллоо.
Талууд цаашид харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд хотын захиргаад хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэх, хотын менежмент, боловсрол, спорт, аялал жуулчлал болон бусад салбарт хамтран ажиллахаар тохиролцов.