Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Майнт өндөр-Уул” гэдэг газар гарсан түймрийг өчигдөр 14:14 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгчээ.
Түймэр Ерөө сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т гарсан бөгөөд түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 9-нд хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын 40 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нийт 52 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр ажилласны дүнд унтраасан байна. Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн Естийн рашааны “Орз-Уул” гэдэг газар гарсан түймрийг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын 9 ажилтан, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өчигдөр 14:05 цагт бүрэн унтраасан аж.
Одоогоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв”, Мандал сумын Түнхэл багийн “Хуст”, Түнхэл тосгоны “Тайлч”, Түнхэл тосгоны “Ар матах-Уул”, Хүдэр сумын Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байна.