Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай есдүгээр сарын 30-ны өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 016, 120 дугаар нэгтгэл, ангиудад ажиллалаа. Өвөлжилтийн бэлтгэл ажил, зарим бүтээн байгуулалт болон төслүүдийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг нь сонссон юм.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Зэвсэгт хүчний зарим ангид Мод үржүүлгийн төвүүд байгуулагдсаны нэг нь Зэвсэгт хүчний 120 дугаар ангийнх бөгөөд түүний ажлын явц, гүйцэтгэлтэй танилцав. Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд анхлан хэрэгжих “Цэргийн жишиг хотхон” төслийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, цаашдаа улам шуурхайлан ажиллахыг Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал, тус нэгтгэлийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяр нарт үүрэг чиглэл өгсөн юм.