Дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэв

Ардын хувьсгалын болон Зэвсэгт хүчний 101 жилийн ой, Халхын голын байлдааны ялалтын 83, Чөлөөлөх дайны ялалтын 77 жилийн ой, Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штаб, Дайнд оролцогчдын Монголын хороо, "Эх орны дайчид" төрийн бус байгууллага хамтран 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1947-1948 оны Баруун хилийн тулгаралтад оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг энэ сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ үеэр Дайнд оролцсон бөгөөд нийслэл хотноо амьдарч буй 30 гаруй ахмад дайчинд оршин суугаа орон сууц, гэр хороололд нь очиж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Ёслолын ажиллагааны эхэнд Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн яруу тунгалаг аялгуун дор Дайнд оролцсон морьт дивизийн Байлдааны тугийг залсан ба ахмад дайчин маань Байлдааны тугнаасаа адис авч, мэхийн хүндэтгэсэн юм.
Үүний дараа Дайнд оролцсон ахмад дайчныхаа амжилт, алдар гавьяаг бахдан танилцуулж, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөн, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид марш аялгуугаа тоглож, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэхүү ёслолд Дайнд оролцогчдын Монголын хорооны тэргүүн бэлтгэл хурандаа Г.Лүндэн, "Эх орны дайчид" төрийн бус байгууллагын тэргүүн Р.Баяр, ЗХЖШ-ын Сургөлт бэлтгэлийн газрын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, "Сүү" хувьцаат компанийн ажилтнууд, дайнд оролцсон ахмад дайчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, иргэд, залуучууд, өсвөр үеийнхний төлөөлөл оролцсон юм.

Ташрамд, Зэвсэгт хүчний Жанжин штабаас хариуцан зохион байгуулж буй уламжлалт хүндэтгэл, ёслолын ажиллагааг жил бүр дэмжин хамтран ажиллаж буй "Сүү" компанийн удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Дайнд оролцсон ахмад дайчид маань эрүүл энх байж, залуу хойч үеийнхэндээ үнэт сургаалаа айлдан, түүхэн үнэнийг, ахмад үеийнхний хөдөлмөрч, баатарлаг дайчин уламжлалыг ямагт мэдрүүлж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.