2022 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага улс орон даяар өрнөж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан алслагдсан зарим аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргатай утсаар холбогдож цэрэг татлагын явц, залуусын ирц, идэвхийн талаар тодрууллаа. Түүнчлэн зарим залуустай цэргийн албаны тухай ойлголт, хугацаат цэргийн алба хаах хүсэл эрмэлзлийнх нь талаар ярилцаж, сэтгэгдлийг нь сонссон юм.
ЦЭРГИЙН АЛБА ХААХ ХҮСЭЛТЭЙ ЗАЛУУСЫН ТОО ЖИЛЭЭС ЖИЛД НЭМЭГДЭЖ БАЙНА
Дорноговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа М.Амартүвшин:
Та бүхэн хэд дэх сумандаа ажиллаж байна. Цэрэг татлагын явц, залуусын ирц, идэвхийн талаар мэдээлэл өгнө үү?
-Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон цэрэг татлагын комисс 2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулан явуулж байна. Энэ удаагийн татлагад хойд талын сумд буюу Эрдэнэ, Өргөн, Алтанширээ, Дэлгэрэх, Их хэт, Даланжаргалан, Айраг, Сайншанд, Замын-Үүд гэсэн есөн сумын цэргийн насны залуус хамрагдах бөгөөд өнөөдрийн (2022.10.06) байдлаар Даланжаргалан суманд цэрэг татлага явагдаж байна. Бид 2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар урд талын таван сум буюу Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Мандах, Сайхандулаан сумаас цэргүүдээ татсан. Өөрөөр хэлбэл, энэ онд бүсчилсэн байдлаар цэргүүдээ татсан гэсэн үг.
Энэ жилийн хувьд нэг болон хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаас харахад хугацаат цэргийн алба хаах сонирхолтой иргэдийн тоо эрс нэмэгдсэн, цэргийн насны залуусын эрүүлжүүлэлтийн ажил үр дүнтэй явагдаж байгаа нь харагдаж байна. Тухайлбал, Алтанширээ сумаас цэрэгт татагдаж буй нийт залуусын 72 хувь нь үзлэгт тэнцсэн нь дээрх үр дүнг илтгэж байгаа нэг үзүүлэлт юм.
-Залуусын цэргийн албанаас чөлөөлөгдөж байгаа шалтгаануудыг тодруулбал…
-Цэргийн албанаас чөлөөлөгдөж байгаа залуусын 12 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар, найман хувь нь гадаадад суралцаж буй иргэн, найман хувийг нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эзэлж байна. Эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдсөн иргэдийн дунд “Ковид-19” цар тахлын дараах хүндрэл, зүрхний хэм алдалт, бөөрний архаг үрэвсэл зонхилж байна.