Дорнод аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа О.Ганзориг:
Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага орон даяар явагдаж байна. Дорнод аймгийн хувьд уг ажил хэрхэн өрнөж байна вэ?
-2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг 14 суманд зохион байгуулж буй бөгөөд өнөөдрийн байдлаар (2022.10.06) бид дөрөв дэх сум буюу Дашбалбар суманд ажиллаж байна. Ер нь аль ч суманд цэрэгт татагдаж байгаа залуусын ирц, идэвх их өндөр байна. Тодруулбал, 70-аас дээш хувийн ирцтэй байгаа юм. Тэр тусмаа Дашбалбар сумын цэргийн насны залуусын ирц 90 хувьтай байлаа. Энэхүү үзүүлэлтээс цэргийн алба хаах хүсэл эрмэлзэлтэй залуусын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь бэлхнээ харагдаж буй юм.
-Ирцийн хувь өндөр байгаа нь сайшаалтай. Гэвч эрүүл мэндийн үзлэгээр хэчнээн хувь нь тэнцэж байна вэ?
-Цэрэг татлага явагдсан сумдын жишгээс харахад 70-90 хувийн ирцтэй байгаагаас 40 гаруй хувь нь эрүүл мэндийн үзлэгээр тэнцэж байна. Үүнээс 10 хувь нь их, дээд сургуулийн оюутнууд байгаа юм. Бид нэг болон дөрөвдүгээр курсийн оюутнууд, ар гэрийн гачигдал, зайлшгүй хүндэтгэх шалтгаантай иргэдийг хуулийн хүрээнд цэргийн албанаас түр чөлөөлж байна.
-Залуусын дунд зонхилж буй өвчлөлийн тухайд тодруулбал…
-Эрүүл мэндээр цэргийн албанд тэнцээгүй залуусын дийлэнх нь ахуйн чанартай бэртэл гэмтэл, мэс заслын шалтгаанаар хасагдаж байна. Ер нь цэргийн насны залуусыг эрүүлжүүлэх ажил харьцангуй үр дүнтэй явагдаж буй нь үзлэгээс илт харагдаж байгаа юм. Улс орон даяар эрүүл мэндийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг явагдаж байгаагийн үр дүн ч энд нөлөөлж байгаа болов уу. Мөн залуусын өөрсдийнх нь хандлага, ухамсар, хариуцлага ч нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Тухайлбал, эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаанаар өмнөх татлагаар хасагдсан боловч дараагийн удаад эрүүлжсэн, өөрсдийгөө бэлтгэсэн, цэргийн алба хаах хүсэл эрмэлзэлтэй залуусын тоо улам нэмэгдсээр байна.