“ОЮУТАН ЦЭРЭГ”-ҮҮД ЧУУЛЛАА

Монгол Улсын Үндсэн хуулиар заагдсан "Эх орноо хамгаалах, цэргийн алба хаах" иргэний үндсэн үүргээ биелүүлж, цэргийн мэргэжил эзэмшсэн мянга мянган оюутан залуусын дунд "Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд оюутан залуусын ёс суртахууны манлайлал" сэдэвт чуулга уулзалтыг "Монгол цэргийн нэгдсэн холбоо", "Оюутан-цэрэг" ТББ, ҮБХИС, ШУТИС, Монголын оюутны холбоо хамтран зохион байгууллаа.Тус арга хэмжээний зорилго нь "Оюутан-цэрэг" сургалтад хамрагдсан залуусаар дамжуулан хүүхэд, залууст улс орны тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх, түүнийг сурталчлах, нийгэмд гарч буй сөрөг үзэгдлийн эсрэг оюутан залуучуудын ёс суртахууны манлайллыг дээшлүүлэхэд чиглэгдэж буй бөгөөд "Оюутан-цэргүүд үлгэрлэн манлайлъя" уриалгатайгаар өрнөсөн юм.

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай эл чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "2013 оноос хойш 6000 гаруй оюутан залуусыг ҮБХИС болон орон нутаг дахь зарим цэргийн ангиудын материаллаг баазыг түшиглэн сургалтад хамруулж, цэргийн мэргэжил эзэмшүүлээд байна. Тус сургалт нь жилээс жилд бэхжиж буйн зэрэгцээ суралцсан оюутан залуус маань ёс суртахуун, бие бялдрын хувьд төлөвшсөн, багаар ажиллах чадварт суралцсан, ямар ч ачааллыг даах тэсвэр хатуужлыг дааж, үлгэр жишээ суралцаж ирсэн нь Батлан хамгаалах болон боловсролын салбарын удирдлага, эцэг эх, олон нийтийн талархлыг үргэлж хүлээдэг. БХЯ нь цаашид БШУЯ, их, дээд сургууль, МСҮТ-үүд, Политехникийн коллежуудтай хамтран "Оюутан-цэрэг" сургалтын чанарыг дээшлүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтад хамрагдагсдын тоо, чанарыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах болно" хэмээгээд чуулга уулзалтад оролцсон нийт залуучуудад хандан сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг ерөөж, Монгол Улсын хөгжил, цэцэглэлтийн төлөө хамтдаа зүтгэхийг уриаллаа.

Мөн чуулга уулзалтад оролцогчдод баяр хүргэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан үг хэлсний зэрэгцээ "Оюутан-цэрэг" сургалтын ерөнхий зохицуулагч, Ардын багш, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав, "Отгонтэнгэр" их сургуулийн багш, доктор, профессор, гавьяат багш, бэлтгэл дэд хурандаа Б.Галиндэв нар "Монгол эр хүн, эр хүний мөн чанарын тухай", "Оюутан залуусын ёс суртахууны манлайлал" сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэв.

Түүнчлэн МУИС, ШУТИС, АШУҮИС-ийн оюутнуудын төлөөлөл "Оюутны цахим хэрэглээ, сошиал орчин", "Суралцахуйн арга ухаан", "Оюутан залуус мансууруулах бодис, архинаас татгазлаж сурцгаая" зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьсан юм.