Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай 2022 оны 9 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулсан Cөүлийн батлан хамгаалах яриа, хэлэлцээ уулзалтад оролцов.
Уулзалтын үеэр дэд сайд Б.Баярмагнай БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Шин Бом Чол нар хоёр талын уулзалт хийжээ.
БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Шин Бом Чол хэлэхдээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалтай хамтарсан “Хааны эрэлд-2022” олон улсын сургуулилтыг өндрөөр үнэлж байгааг дурдаад БНСУ-ын Нэгдсэн хүчний оролцоог хадгална гэв. Талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэн, өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Дэд сайд Б.Баярмагнай хариуд нь Монгол, Солонгос хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Мөн хэлэлцээний үеэр дэд сайд Б.Баярмагнай БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Жун Собтой танилцах уулзалт хийж Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэндчилгээг уламжилжээ. Түүнчлэн тэрбээр Канадын батлан хамгаалахын дэд сайдтай хоёр талын уулзалт хийж, хоёр улсын батлан хамгаалах салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан төдийгүй Унгар, Камбож, Индонез Улсын батлан хамгаалахын дэд сайд нар, АНУ, БНСУ-ын Хамтарсан командлалын орлогч командлагч нартай танилцах уулзалт хийсэн байна.
Сөүлийн батлан хамгаалах яриа, хэлэлцээ нь дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх олон талт аюулгүй байдлын батлан хамгаалахын дэд сайд болон судлаач, мэргэжилтнүүдийн түвшний яриа, хэлэлцээ юм. Дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын орчинд үнэлэлт, дүгнэлт хийх, олон талт яриа хэлэлцээг дэмжих, харилцан ойлголцол, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэсэн энэхүү уулзалт энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 48 улс, олон улсын 3 байгууллагаас дэд сайд болон эрдэмтэн, судлаачид оролцжээ. Энэ жилийн яриа, хэлэлцээ нь “Аюулгүй байдлын цогц сорилтуудыг хэрхэн шийдвэрлэх: Олон улсын эв санааны нэгдлийг дэмжих” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд явагдсан юм.