Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яаманд зочилжээ. Тэрбээр БНСУ-ын Цэргийн Их, дээд сургууль, академид суралцаж буй Монгол Улсын цэргийн албан хаагчидтай нөхөрсөг уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Э.Сарантогос нар мэндчилгээ дэвшүүлж, тус улсад суралцаж буй офицер, сонсогчид сургууль, академийнхаа талаар сургалтын хөтөлбөрийн талаар танилцуулга хийв.
Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНСУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын гэрээний дагуу 2022-2023 оны хичээлийн жилд БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах их сургууль, Хуурай замын цэргийн сургууль, Агаарын цэргийн сургууль, Тэнгисийн цэргийн сургууль болон төрлийн цэргийн академи, батлан хамгаалах хэлний төвд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 20 гаруй цэргийн алба хаагч суралцаж байна.
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай болон Элчин сайд Э.Сарантогос нар Монгол, БНСУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр орны Стратегийн түншлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг тэмдэглээд БНСУ-д суралцаж буй цэргийн албан хаагчиддаа сурлагын өндөр амжилт хүсэв.