СУМДЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НАР ХОВД АЙМАГТ “ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ” СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

“Дайчилгааны тухай” Монгол Улсын хууль болон Батлан хамгаалахын сайд Ховд аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээ, Цэргийн штабын сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Баруун бүсийн аймгуудын сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нартай зохион байгуулах “Цэргийн бэлтгэл” сургалтыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2022 оны 9 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Өнөөдөр зохион байгуулагдсан “Цэргийн бэлтгэл” сургалтын нээлтийн арга хэмжээнд Ховд аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга хатагтай Э.Болормаа, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Ч.Гандирваа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд болон баруун бүсийн аймгуудын Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нар оролцлоо.

Тус сургалтад баруун бүсийн 5 аймгийн 90 гаруй сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар болон Цэргийн штабын офицерууд хамрагдаж байна.

Энэхүү сургалт нь Засаг даргын Тамгын газрын дарга нарыг дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны өөрчлөлт, Монгол Улсын батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний шинэчлэлт, өөрчлөлтийн талаар шинэ мэдээ, мэдээллээр хангах, орон нутагт Батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.