УИХ-ын чуулганы хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тогтоолын төсөлд улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар тусгасан. Мөн зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэж, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Засгийн газарт даалган, Зөвлөлдөх зөвлөл байгуулах, зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж, ажлын төлөвлөгөөг баталж, зохион байгуулалт хангахыг Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газарт үүрэг болгожээ.
Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулдаг. Тус зөвлөл санал асуулга явуулах сэдвүүдээ боловсруулдаг. Үүний дараа санал авах журмын хүрээнд санал асуулгыг зохион байгуулах юм. Төрийн байгуулалтын байнгын хороо Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах ажлыг арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлэх бөгөөд хуульд заасан арга хэмжээнүүдийг хуулийн хугацаагаар нь хамгийн шуурхай зохион байгуулна хэмээн төлөвлөж, ирэх оны хоёрдугаар сарын 20-ны өдрийг товлосон аж. Ийнхүү гишүүд байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсний дараагаар санал хураалт явуулахад 62.3 хувийн саналаар дэмжигдлээ.