“Чингис хааны мэндэлсний 860 жил” сэдэвт маркийн анхны өдрийн нээлт Чингисийн музейд боллоо.
Түүхэн тэмдэглэлт тэгш ойн жилд зориулсан “Чингис хааны мэндэлсний 860 жил” сэдэвт 6 нэр, нэг блок маркт Чингис хааны алтан зоос, алтан гэрэгэ, номын гэрэлт хөшөө, Есөн хөлт Их цагаан туг, Чингис хааны хөрөгтэй анхны марк, Чингис хаан музей, Чингис хааны шинэ хөргийг тус тус сонгон оруулсан байна.
Маркийг бүтээхэд Чингис хаан музейн захирал, академич С.Чулуун, академич Б.Төмөртогоо, СГЗ Ж.Саруулбуян, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн доктор, профессор А.Пунсаг, түүхч, доктор Б.Нямаа, Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалан, Төрийн соёрхолт, УГЗ, уран барималч Л.Болд, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал, доктор Н.Саруул, ахмад дипломатч О.Батсайхан нар мэргэжлиййн зөвлөгөө өгч, зураг материалын туслалцаа үзүүлжээ.
Монгол шуудангийн түүхэнд анх 1962 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулан дөрвөн нэрийн марк гүйлгээнд гаргажээ. Үүнээс хойш нэгэн жарны хугацаанд Чингис хааны мэндэлсний 830, 840, 850, 860 жил, Чингис хаанд өргөмжилсний 800, 810 жил, Монголын нууц товчооны 750, 770 /цуврал/ 780 жил, Мизухара 1991 он, Тайбей1993 он маркийн үзэсгэлэн, Их Монгол Улс байгуулагдсаны 790, 800, 805, 810 жил, Чингис хааны баатрууд, Монголын эзэнт гүрэн, Хүн төрөлхтний түүх, Монгол-Америк хооронд дипломат харилцаа тогтоосны 20, Монгол маркийн 85, Монгол банкны 90, АСЕМ-ийн 20 жилийн ой сэдвээр 40 гаруй удаа Чингис хааны хөрөг, хөшөөг дүрслэн гаргажээ.