Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Ховд аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

Өвөлжилт хүндэрч буй энэ цаг үед Ховд аймгийн Үенч, Булган сумдад Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, УОК, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд болон орон нутгийн удирдлагууд ажиллаж байна. Ховд аймгийн 17 сумын 91 багт 9397 өрхийн 3876.4 мянган толгой мал мал өвөлжиж байгаа бөгөөд нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, тус аймгийн 11 суманд өвөлжилт хүндэрсэн тул УОК болон аймаг, сумын Онцгой комиссоос айл өрх рүү зам гаргах, хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл олгох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.

Мөн дөрвөн сумын 69 өрхийн 46.1 мянган мал Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Завхан зэрэг аймагт отроор өвөлжиж байгаа бол Ховд аймгийн Дарви сумын Баяннурууны улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс болон хилийн зурвас бүс нутагт нийт 1346 өрхийн 720.1 мянган мал өвөлжиж байгаа аж. Зуншлага тааруу өнгөрч, өвс тэжээлгүйн улмаас Чандмань, Дөргөн, Эрдэнэбулган, Ховд, Цэцэг, Дарви сумдад харын зуд болж буй талаар тус аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Алтанбадралт мэдээлэв.

Өвөлжилт хүндэрсэн сумдын айл өрх рүү зам гаргах шатахуун болон шаардлагатай өвс, тэжээлийн тусламж дэмжлэгийг нутгийн удирдлагуудад энэ үеэр хүлээлгэн өглөө.Үенч, Булган сумдад өдөртөө -26-30, шөнөдөө -36-40 градус хүрч хүйтэрч, өнгөрсөн оны арван нэгдүгээр сараас цас унаж эхэлсэнтэй холбоотойгоор ихэнх нутгаар 40-60 см, хунгарласан газартаа 80-120 см цас тогтсон тул мал бэлчээрлэх болон малчид аймаг, сум руугаа явах боломжгүй болсон талаар орон нутгийн иргэд хэлж байлаа.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Ховд аймгийн өвөлжилт хүндэрч байгаа Булган, Үенч, Алтай сумдад ажиллах үеэрээ “Тулгамдаад буй нөхцөл байдалд аймгийн Онцгой комиссынхон чадлаараа ажилласан нь харагдаж байна. Гэсэн ч цаашид малчид иргэдийнхээ санаа бодлыг сонсож, айл өрхөд газар дээр нь очиж төрийн үйлчилгээг үзүүлэх нь чухал байгааг анхаарах хэрэгтэй. Засгийн газар болон Улсын Онцгой комиссын зүгээс аймгийн нөөцийн газарт 733 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгож, Булган, Үенч суманд шатахуун болон өвс, тэжээлийн дэмжлэг үзүүллээ. Цаашид өвлийг өнтэй, хаврыг хохирол багатай давахын тулд байгаа нөөц бололцоогоо дайчлан ажиллахыг хүсье” гэлээ.