Д.Амарбаясгалан: Өрхүүдийн мэдээллийг 14 хоногийн хугацаанд шинэчилж, авах ёстой өрхийн хүүхдүүдэд мөнгө олгоно

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй Засгийн газрын гишүүд өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэрээ хүүхдийн мөнгө олголт дээр алдаа гарсныг хүлээн зөвшөөрч, нийт иргэдээсээ уучлал хүслээ.

Д.Амарбаясгалан "Хүүхдийн мөнгийг бодох аргачлалд мэдээлэл өгч буй Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Үндэсний Статистикийн хороо, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар нь хоорондоо мэдээллээ хангалттай солилцдоггүй, ажлын уялдаа муу, мэдээллийн давхардал ихтэй зэргээс болж уг асуудал үүсэж, бухимдал үүсгэсэнд Монгол Улсын Засгийн газраас хүлцэл өчиж байна. Монгол Улс анх удаа өөрт байгаа мэдээллээ нэгтгэж, олон улсын жишигт нийцсэн аргачлалаар хүүхдийн мөнгийг олгох ажлыг хийж эхэлсэн нь энэ юм.

Тиймээс Засгийн газрын зүгээс цаашид цахимжих ажлаа эрчимжүүлэхээ мэдэгдэж байна. Хүүхдийн мөнгө авна гэсэн өрхөд мөнгийг ямар нэг асуудалгүй олгоно.

Байр, автомашин зэрэг бүртгэлийн давхардлаас болж өндөр орлоготой мэтээр системд харагдаж байгаа бол иргэд болон холбогдох байгууллагуудтай хамтарч хийдлийг арилгах 14 хоногийн хугацаатай ажлыг зохион байгуулахаар болсон. Цаашид ийм төрлийн алдаа дутагдал гаргахгүйн тулд Засгийн газар анхаарч ажиллах болно" гэлээ.