УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт казино байгуулах тусгай зөвшөөрлийн нөхцөл, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулсан байна. Тухайлбал, казиног Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулах тусгажээ. Ингэхдээ Монгол Улсын нутаг дэвсгэрт цахимаар зохион байгуулахгүй байх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан аж. Мөн казино эрхлэгч нь казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс (өнөөгийн ханшаар 1 их наяд төгрөг) доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулна гэх мэт заалтыг уг хуулийн төсөлд заажээ.
Түүнчлэн монгол иргэдийг казинод нэвтэрч тоглуулахгүй байх зохицуулалтыг оруулсан байна. Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр мөн асуудал яригдсан юм. Д.Цогтбаатар гишүүн Монгол Улсын иргэнийг казиногийн байгууламжид нэвтрүүлэх, тоглуулахыг хориглох тухай төслийн зохицуулалт нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасантай зөрчилдөж байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр эл асуудлыг гишүүд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодруулж байв. Х.Нямбаатар сайд өнөөдөр дэлхийд 156 орон 5825 казиногийн үйл ажиллагаа явуулдаг ба манай улсын хувьд ирэх гурван жилийг Засгийн газраас Аялал жуулчлалын жил болгосонтой холбоотой энэхүү хуулийн төслийг өргөн барьсан болохыг хэллээ.
Ингээд хоёр ч байнгын хороо чуулганы хуралдааны үеэр хуралдаж байгаа тул тус хуулийн төсөлтэй холбоотой явуулах санал хураалтыг түр хойшлуулав.