Тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу RFID чипийг энэ оны эхний улиралд багтаан автомашинд суурилуулахдаа төлбөр авахгүй, иргэдэд чирэгдэлгүй зохицуулна гэж ЗТХЯ мэдээллээ. Цаашид импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр RFID чипийг төлбөр төлж наалгах юм.
RFID буюу тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем нь замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг нэгдсэн хяналт, зохицуулалттай болгож, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо торгуультай холбоотой бүх мэдээллийг нэгтгэн сан үүсгэнэ. Ингэснээр замын хөдөлгөөний төлөвлөлт, хяналт сайжирч, тээврийн хэрэгслийн бүртгэл, авто зогсоолын төлбөр тооцоо, эзэмшигчийн шилжүүлэх, шинээр улсын дугаар авах зэрэг бүртгэлийг цахимаар хийх боломжтой болж төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийг нэгдсэн мэдээллээр хангах юм.
Улсын хэмжээнд орон нутагт 470 мянга, нийслэлд 650 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээрээс эхний ээлжинд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй 1 сая тээврийн хэрэгсэлд RFID чип цахим гэрчилгээг суурилуулна. Нийслэлд RFID уншигчийг 161 цэгт суурилуулж байна. Тараах, суурилуулахтай холбоотой түр журмаа боловсруулсны дараа иргэдэд чирэгдэл, бэрхшээл учруулахгүйгээр бүртгэлийн цэгийг техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдээ түшиглэн зохион байгуулна. Орон нутагт олон улс, улсын чанартай зам дагуу байрлаж буй 33 төлбөр авах цэгийг цахимжуулах аж.
“Энэ системийг олон улсад 1950 оноос нэвтрүүлж, хөгжингүй орнууд одоо ч ашигладаг. Зам тээврийн салбарт энэ технологийг 2012 оноос судалж, 2015 онд олон улсын судалгааны байгууллагууд Монгол Улсад RFID технологи ашиглах нь хамгийн тохиромжтой гэж зөвлөсөн байдаг. RFID технологи нь өртөг, үйл ажиллагааны зардлын хувьд ч бага гэдгийг судалгаагаар нотлосон. Одоогоор замын хөдөлгөөний дүрэм журам хэвээр үйлчилж байгаа. Төрийн байгууллагууд хамтарсан нэгдсэн системийг бүрэн нэвтрүүлж, хууль эрх зүйн орчныг бий болгосны дараа холбогдох зохицуулалтыг хийнэ” гэж ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасан ярьсан юм.
Монгол улсад тээврийн хэрэгсэл эзэмшигч жолооч нарын 21 орчим хувь нь л торгуулиа төлдөг, 62 хувь нь тээврийн хяналтын үзлэг, татвар, даатгалаа төлж байна. Үлдсэн 40 хувь замын хөдөлгөөнд оролцож байгаа эсэх нь тодорхой бус, хяналтгүй аж.