Улаанбаатар хот цахим шилжилтийнхээ хүрээнд зам тээврийн салбарт RFID, авто зогсоолын нэгдсэн систем зэрэг технологийг нэвтрүүлж буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн удирдлагуудБНХАУ-ын Чунчин хотын авто тээврийн цахим платформын үйл ажиллагаа, авто зогсоолын менежменттэй танилцаж, туршлагаас нь судаллаа.
Чунчин хот зам тээврийн системээ бүрэн цахимжуулсан нь замын хөдөлгөөн, түгжрэл, тээврийн хэрэгслийн хяналтыг хялбаршуулсан байна. Тухайлбал, автомашинд дугаар олгох үедээ картын системийг нэвтрүүлэн, тээврийн хэрэгслийн талаарх бүх мэдээллийг нэгтгэн мэдээллийн сан үүсгэсэн аж. Ингэснээр эмнэлэг, сургууль, эсвэл олон нийтийн арга хэмжээнд очих үед картаар нь дамжуулан зогсоолыг нь хуваарилдаг зэргээр тулгамдсан асуудлыг шийдэж буй. Мөн даатгал, замын төлбөр зэргийг автомашинд олгосон картаар дамжуулан цахимаар төлөх боломж бүрдүүлсэн байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Зам тээврийн салбарыг цахимжуулах, тэр дундаа тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлэх ажил Улаанбаатарт эрчимтэй өрнөж байна. Энэ удаад бид нэвтрүүлж байгаа системдээ цаашид ямар хөгжүүлэлт хийх боломжтой вэ гэдгийг харж, сайн жишиг, оновчтой шийдлүүдтэй танилцлаа.
Жишээлбэл, RFID системээр дамжуулаад авто замын ачаалал, түгжрэлийн мэдээллийг иргэдийн гар утсан дээр аппликейшнээр харуулж байна. Тэгэхээр хүмүүс энэ мэдээллийг харгалзаад замын хөдөлгөөнд оролцоно, улмаар түгжрэл буурна.
Өөрөөр хэлбэл, хүмүүс замын хөдөлгөөнд оролцохын өмнө мэдээлэл аваад, үүн дээрээ үндэслээд шийдвэр гаргаж байгаа юм. Ер нь RFID системийг нэвтрүүлснээр иргэдийн цаг завыг хэмнэх, стрессийг багасгах гээд амьдралын чанарт олон талаараа нөлөөлж байна хэмээв.
Чунчин хотын Хөрөнгө оруулалтын алтан карт мэдээллийн салбар групп ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Жэн Шяан:
-Манай компани 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид авто тээврийн цахим платформ, хяналт зохицуулалтын системийн үйлчилгээг Засгийн газар, захиргааны байгууллагуудад үзүүлж байна. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн талаарх бүхий л мэдээллийг нэгтгэсэн их өгөгдлийн платформыг үүсгэсэн.
Энэхүү өгөгдлийн санг ашиглаад өөр олон салбарын үйлчилгээг хүргэх боломж бүрдэж байна гэсэн үг хэмээсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС