Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдэл эрэлхийлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь үе шатны Зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.
Зөвлөлдөх уулзалтад санал асуулгын эхний үе шатанд оролцсон 1570 иргэний 50-аас доошгүй хувь буюу 800 хүн улс орны өнцөг булан бүрээс сонгогдон оролцож байна. Нээлтийн ёслолын дараа эхэлсэн “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага” сэдвийн хүрээний асуудлуудаар МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагааны газрын дарга, доктор (Ph.D), дэд профессор Н.Мягмарцоож, Удирдлагын Академийн Эрх зүйн тэнхмийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор А.Алтанзул нар илтгэл тавьж, тэнцвэртэй мэдээлэл өгсөн юм. Оролцогчид эдгээр илтгэл болон урьдчилан тараагдсан лавлагаа, танилцуулгаар өгсөн мэдээллүүдээ нэгтгэн дүгнэж, асуудлыг өөр хоорондоо зөвлөлдөн хэлэлцэх жижиг хэсгүүдийн хэлэлцүүлгүүд явагдаж байх үед зөвлөлдөх санал асуулгыг удирдан, зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Хэвлэлийн бага хуралд Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар, гишүүн Ө.Ганхуяг, Д.Моондой, О.Мөнхсайхан, С.Эрдэнэбат нар оролцож, Зөвлөлдөх уулзалтын үйл явцын талаар танилцуулав. Академич Г.Чулуунбаатар мэдээлэлдээ, ард иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцох чухал арга хэмжээ хэмээн Зөвлөлдөх уулзалтын ач холбогдлыг үнэлэн хэлээд, оролцогчдын статистик мэдээлэл, өнөөдөр болон маргаашийн хэлэлцүүлгүүдийн хөтөлбөр зэргийг танилцуулав.
Зөвлөлдөх уулзалтад нийт 800 хүн оролцож байгаагийн 374 нь Улаанбаатар хотоос, 426 нь орон нутгаас иржээ. Тэдний хамгийн залуу нь 20 настай бол хамгийн ахмад нь 89 настай байна. Боловсролын хувьд бүх түвшинг хангасан буюу бага боловсролтойгоос доктор, профессор хүртэлх цолтой хүмүүс байгаа юм.
Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар мэдээлэлдээ, “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага”, “Парламентын ардчилал, “Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах”, “Нийгмийн тулгамдсан асуудлууд” гэсэн дөрвөн багц сэдэв тус бүрээр нэгдсэн хуралдаан болон жижиг хэсгийн хэлэлцүүлэг гэх бүтэц бүхий цогц үйл ажиллагаа явагдсаны дараа оролцогчид эхний шатны санал асуулгад хариулсан асуултууддаа дахин хариулна гэдгийг тайлбарлан ярив. Хоёр дахь шатны санал асуулгын хариултыг авсны дараа Үндэсний статистикийн хороо дүнг нэгтгэж энэ сарын 16-нд буюу Пүрэв гарагт Зөвлөлдөх зөвлөлд тайлагнана. Зөвлөлдөх зөвлөл тайланг хэлэлцэж, санал асуулгад хөндөгдсөн асуудал тус бүрт дүгнэлт өгсөн Зөвлөмж боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах юм.
Зөвлөлдөх уулзалтын оролцогчид нийт 54 жижиг хэсэгт хуваарилагдан асуудлуудыг хөндлөнгийн нөлөөгүйгээр өөр хоорондоо хэлэлцэж байна. Энэхүү жижиг хэсгийн хэлэлцүүлгүүдийг хуульд заасны дагуу оролцогчдын бие даасан байдлыг хангасан нөхцөлд явуулж байгаа эсэхэд Зөвлөлдөх зөвлөлийн болон тус зөвлөлийн Техникийн хяналтын комиссын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний статистикийн хорооны ажилтнууд тал бүрээс хяналт тавьж байна хэмээн тэрбээр мэдээлэлдээ дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.