Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 20 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Мөн хүрээнд Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын талаар авч хэлэлцсэн болохыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д 2023 оны хоёрдугаар сарын 13-17-нд албан ёсны айлчлал хийсэн. Тус айлчлал нь Монгол-Солонгосын хооронд сүүлийн 20 жилийн хугацаанд яригдсан асуудлуудыг шийдвэрлэсэн айлчлал боллоо. Энэ үеэр хоёр жилийн хугацаанд яригдсан Чөлөөт худалдааны хэлэлцээрийг зохих түвшинд шийдсэн. Хоёрдугаарт, Монгол Улс гаднын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд ихээхэн анхаарч буй. Мөн Засгийн газрын төсөөллөөр эдийн засаг 6 болон түүнээс дээш хувиар өснө хэмээн таамаглаж байгаа. Тиймээс хөрөнгө оруулагчдыг хамгаалах чиглэлийн хууль, эрх зүйн орчныг тодорхой болгоно. Тэр дундаа Солонгосын бизнес эрхлэгчид манай улсад хөрөнгө оруулах сонирхол өндөртэй байдаг тул хоёр тал тэдний эрх ашгийг хамгаалахаар тогтож холбогдох гэрээнд гарын үсэг зурсан.
Гуравдугаарт газрын ховор элементийн хамтарсан судалгааны төвийг байгуулах санамж бичгийг байгууллаа. Энэ чиглэлд хамгийн эхэнд Солонгос Улстай санамж бичигт гарын үсэг зурснаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг салбар болгохоор ажиллах ба цаашид бусад хөгжингүй орнуудтай хамтрах чигтэй ажиллаж байна. Үүний зэрэгцээ монгол иргэдийг БНСУ руу нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулдаг болох саналаа илэрхийлсэн. Одоогийн байдлаар манай улс Монголд зочлох жилийн хүрээнд 30 гаруй орны иргэдийг визгүй зорчуулахаар болгоод буй. Энэхүү шийдийг үндэслэж Солонгосын талд өөрийн саналаа илэрхийлсэн гэсэн үг. Эл асуудлын хүрээнд БНСУ-ын Хууль зүйн сайд, Цагаачлалын албаны удирдлагуудаар ахлуулсан баг энэ сард манай улсад айлчилж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах юм. Ингэхээр тус айлчлалын үеэр яригдсан асуудал шийдэгдэх тал руугаа явж байгаа хэрэг.
Түүнчлэн Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Монгол сургуульд зочилж, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаад талархал дэвшүүлсэн. Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүддээ эх хэл, соёлоо өвлүүлэх сурган хүмүүжүүлэгчдийн ажилд дэмжлэг үзүүлэхэд анхаарч, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх үүднээс хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэвшүүлнэ" гэв.