Монгол залуус Чингис хааны тухай “Netflix”-т гаргах кино бүтээнэ

Монгол уран бүтээлчид Чингис хааны тухай олон улсын стандартад нийцсэн олон ангит кино бүтээх төсөлд нэгджээ.

Тэд төслийн зорилгоо “Дэлхий дахинд Чингис хааны энх тайвнаар зэрэгцэн орших үзэл санааг түгээн, монгол үндэсний брендинг хийх” хэмээн тодорхойлсон байна. Кино уран бүтээлчид нэгдсэн шалтгаанаа, “Монгол үндэстний сэтгэлгээний онцлог, гүн ухааны асуудал, эзэнт гүрэн бий болсон нууцыг монгол зохиолчийн драматургийн шийдлээр зангидаж, монголоос анх удаа “Netflix” платформд гаргах түвшний бүтээл туурвих цаг нь болсон” хэмээн тайлбарлаж байна.

Энэхүү киног зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Чингис хааны нууц түүх” романаар бүтээх аж. Төслийн Ерөнхий найруулагчаар УДЭТ болон “Орфей” театр, фильмийн найруулагч М.Батболд, ерөнхий продюсерээр зохиолч С.Жаргалсайханы хүү “Сорогдогийн Жаргалсайхан” сангийн тэргүүн Ж.Билгүүн, “Орфей” театр, фильмийн захирал Т.Ариунчимэг нар, кино зохиолчоор утга зохиол судлаач Я.Баяраа ажиллах юм.

Кино зохиолыг бүтээх үйл явцад зохиолчдын багаас гадна түүхч, судлаачдын баг оролцож буй аж.

“Чингис хааны нууц түүх” төсөл нь үндэсний брендинг, Чингис хааны үзэл санаа, үйл хэргийг дэлхий дахинд эерэгээр түгээн дэлгэрүүлэх сонирхол, амбицтай хэн бүхэнд нээлттэй төсөл аж.