Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин /"The sales girl" кино Францын Вэзүль /Vesoul/ хотноо болдог Азийн кино наадмын тэргүүн шагналыг хүртлээ.
1995 оноос хойш зохион байгуулж буй Festival International des Cinemas d'Asie de Vesoul наадам Азийн киноны шилдгийг шалгаруулдаг Европын хамгийн том кино наадам юм. Өнөө жилийн Вэзулийн кино наадамд Монгол, Азербайжан, Сингапур, Вьетнам, Киргиз зэрэг 31 орны 85 бүтээл шилдгийн төлөө өрсөлджээ.
Жил бүр 30 мянга гаруй үзэгчдэд долоон төрлөөр 90 шахам киног сонирхуулдаг энэхүү наадамд 12 шагнал гардуулдгийн тэргүүн нь болох “Cyclo d'or” буюу “Алтан дугуй”шагналыг “Худалдагч охин” кинонд хүртээсэн байна. Энэ тухай телевизийн France3 суваг мэдээлэхдээ, "... Хятад, Вьетнам, Азербайжан зэрэг шалгарч үлдсэн есөн улсын киноноос олон улсын шүүгчдийн санал нэгтэйгээр "Худалдагч охин" кино тэргүүн шагналыг хүртлээ. Тэргүүн шагнал хүртсэн найруулагч Жанчивдоржийн Сэнгэдорж “Энэ бол Монголын кино урлагт үзүүлсэн хүндэтгэл, нэр төрийн хэрэг юм” хэмээн талархлаа илэрхийлэв" хэмээн онцолжээ.
"Худалдагч охин" уран сайхны кино ирэх дөрөвдүгээр сарын 28-наас Японы кино театруудад албан ёсоор нээлтээ хийх аж.