Сайхан сэтгэлт М.Сарнай хууран мэхлэгч мөн үү, эсвэл...

Сүүлийн үед монголчууд ядарсан нэгэндээ тус дэм болох соёлд суралцаж, олон ч ядарсан хүнд туслаж, дэмжих болсон. Гэтэл сайны хажуугаар саар зүйл мундахгүй их гардаг болжээ. Саяхан 15 хүүхэд тэжээдэг мундаг бүсгүйд туслах аян өрнөөд бужигнаж байсан. Гэтэл тухайн бүсгүй хууран мэхлэгч байсан гэх мэдээлэл цацагдаж эхлээд байна. Энэхүү тусламжийн аяныг эхлүүлсэн бүсгүй Ц.Сувд-Эрдэнийн өөрийн фэйсбүүк хуудсандаа энэ талаар ийнхүү бичсэн байна.

Түний мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна:

Тэрбээр “2017 оны 1 сарын 30-ний өдөр нэгэн хүний хүсэлтээр 15 хүүхдийг тэжээдэг Сарнай хэмээх эмэгтэйд туслаач гэсний дагуу бидний нөхөд очиж амьдралтай нь танилцсан билээ. Тухайн үед Сарнай эгч өөрийн амьдралын тухай ярьж түүнийг нь фэйсбүүк хуудсандаа оруулснаар бидний хандивын аян эхэлсэн. Бид 6 ханатай гэр авч өгөхийг зорьж хандив цуглуулан гэрийг нь авч өгсөн. Маш олон хүн хоол хүнс хувцас хунар эд материалын туслалцаа үзүүлж байлаа. Гэтэл нэг өдөр өөрийгөө Лам хүн хэмээн танилцуулсан хүн “Асрамжийн төв” барихад санхүүжилт нэмэрлэнэ гэсэн тул Сарнай эгчтэй уулзуулснаар аян маань үргэлжилсэн юм. Явцдаа тэр хүн оролцохоос татгалзсан. Гэвч бид шантраагүй барьна гэсэн итгэлээр урагшаа явсан. 4 сарын 15-нд Дэлгэр эгч Сарнай эгчийн төрсөн өдрийг тэмдэглэж өгөөд бидэнд туслая хандивын аянаа идэвхижүүлэхийг хүсч “Нэг хүн нэг тоосго” аян болгож үргэлжилсэн. Ингэхдээ Дэлгэр эгч өөрийн нэр дээр данс нээж хандив цуглуулна гэсэн хүсэлтээр Дэлгэрийн 3 өөр банкны 3 данс. Итгэл сэтгэлийн гүүр сангаас төрийн банкинд данс нээж аяны бүх танилцуулга брошур дээр байршуулсан. Дараа нь 25-р суваг телевиз “Танайд хоноё” нэвтрүүлэгээр Сарнай эгчийнд хоносны дараа маш олон монголчууд дэмжиж хандив маш сайн цуглаж 40 орчим сая төгрөг болсон байх. Байх гэдэг учир нь өнөөдрийг хүртэл бид хайрцгаар цугласан хандив болон бэлнээр ирсэн хандивийг Дэлгэр эгчийн дансанд хийж байгаа. Аяны хугацаанд орлого зарлагын мэдээлэл аваагүй. Хамгийн сүүлд сарын өмнө сонссон дүн 40 сая.

 

Энэ бүх хугацаанд Сарнай эгчид итгэж хүндэлж хайрлаж явлаа. Тэгтэл Сарнай эгчийн хороонд амьдардаг иргэн Баярмаа надад Сарнай эгчийн талаар миний төсөөлж байгаагүй мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийг нягталж шалгаад Сарнай эгчийнд байдаг хүүхдүүдийн 90% нь эцэг эхтэй болохыг оршин суугчдаас мэдсэн. Хүүхдүүдийн тухай судлаж үзэхэд Хогийн цэг дээр амьдарч байсан хүүхэд бараг байсангүй. Мөн хүүхдүүдийн 90%- нь эцэг эхтэй гэр оронтой хүүхдүүд. Үлдсэн 10%-ийг нь би мэдэхгүй. Хүүхдүүдийн эцэг эхтэй уулзахад Сарнай эгч тэдэнд гэртэй болгоно хүүхдээ өг гэсэн байна. Мөн зарим хүний гэрийг барьцаалж хүүхдээ өгөхгүй бол гэрийг чинь өгөхгүй гэж дарамталсан байна. Сарнай эгчийн талаар сөрөг зүйлс их ирдэг байсан ч би зөндөө өмөөрч хамгаалж байлаа. Харамсалтай нь олны үг ортой байжээ. Одоо утсаа ч авахгүй. Ерөнхий сайдаас шагнал авсны дараа сайтуудад мэдээлэл нь “Их нигүүсэл” ТББ – ийн тэргүүн М.Сарнай гэсэн гарчигтай мэдээллүүд цацагдсан. Утсаар залгаж учрыг нь асуувал тоймтой зүйл хэлсэнгүй. Дотор нь байгаа миний хувьд намайг түлхсэн явуулах гэсэн санаа илт харагдаж байна. Надаас нууж хийгээд байгаа зүйлс миний, ард түмнийг эргэлзэхэд хүргэж байна. Ирээдүйд энэ төвийг бизнес болгох гэж байгаа бол бид босгож чадахгүй. Таны гаргаж байгаа ааш аяг бүхэн өдөр шөнөгүй зүтгэх хэдэн залуусыг маань мохоож байна. Одоо надад таньд итгэх өчүүхэн итгэл үлдсэнгүй. Яриад байвал таны эсрэг маш олон баримт байна. Зах зухаас нь дурьдлаа.

Энэ аян цаашаа явах ямар ч боломжгүй гэдгийг хатуу хэлэе. Таныг уйлаад ярих тоолонд зүрх зүсэгдэж байсан. Одоо бодохоор гомдох шиг болж байна. Та гэртээ байгаа хүүхдүүдээ гэр гэрт нь хүргэж өгөөд үр хүүхдүүдтэйгээ амар жимэр сайхан амьдар даа. Сарнай эгчийн зурагтаар ярьж хэлж байсан бүхэн худалаа байсныг хариуцлагатайгаар хэлмээр байна. Одоо таны жүжигт цэг тавих цаг болсон гэж бодож байна. Цагдаагийн байгууллагаар үнэн мөнийг тогтоолгох болно. Итгэл сэтгэлийн гүүр сангийн дансанд орж ирсэн Сарнай эгчтэй холбоотой хандивын орлого зарлагын тайланг удахгүй оруулах болноо.

Дэлгэр эгч дансны орлого зарлага бүх зүйлсээ гаргаж өгөөрэй. Дахин хэлэе энэ аян цаашаа явах ямар ч боломжгүй.

Хүнээ танихгүй та бүхнийг ийм зүйлд уриалсан би хамгийн том буруутан. Маш олон хүний сэтгэл маш олон хүний хөдөлмөрийг нурааж байгаадаа маш их харамсаж байна. Өөр ямар ч арга байсангүй. Уучлаарай. Та бүхэн намайг яаж ч шийтгэж болно. Үүнийг цааш нь үргэлжлүүл гэж битгий шахаж шаардаарай. Дахин уучлалт хүсэе. Хүндэтгэсэн: Ц.Сувд-Эрдэнэ” гэжээ.