Улаанбаатар хотод “Сэлбэ сэргэлт” төслийг 7 дугаар сард эхлүүлснээр ирэх намар автозамын олон хэсэгт ачааллыг 30 хувиар багасгана.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт Улаанбаатар хотод “Сэлбэ сэргэлт” төслийг хэрэгжүүлэх нэгж байгуулахыг даалгажээ. Төслийн нэгжийг Барилгын хөгжлийн төвийн төсвийн хүрээнд байгуулах юм.
“Түгжрэлийг бууруулахаар замын залгаас хэсгүүдэд хөдөлгөөний зохион байгуулалт хийж байна. Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч мэргэжлийн хүмүүсийн тооцоо, судалгаанд үндэслэн шийдвэр гаргаж байгаа тул дараа нь зөв байсныг ойлгодог. Нийслэлийн Их тойруу, Бага тойрууд томоохон зохицуулалт хийхээр төлөвлөсөн байгаа” хэмээн сайд Ж.Сүхбаатар сэтгүүлчдэд мэдээлэв.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос одоогоор 3500 аж ахуйн нэгжид зөвлөмж хүргүүлсний 2300 нь хүлээж авчээ. Тодруулбал, ажилтан, албан хаагчийг гэрт нь ойр салбартаа шилжүүлэх, зайнаас ажиллах боломжоор хангах, ажил эхлэх, тарах цагийг уян хатан зохицуулах, гадна талбайн автомашины зогсоолыг оновчтой ашиглах, дугуйн зогсоол бий болгох, үйлчилгээний төрөл, борлуулалтын сувгаа цахимжуулах, бараа түгээлтийг 10-15, 19-21 цагт зохион байгуулах, ажилчдын автобус гаргах зэрэг хууль зүйн хүрээнд санхүүгийн боломжоо ашиглаж ажиллахыг зөвлөсөн байна.
Сайд Ж.Сүхбаатар “Зөвлөмж хэрэгжүүлэхийг байгууллагуудаас шахаж шаардан, оны эцэст үнэлж дүгнэнэ. Удирдлагууд хоцрогдсон аргаа засах хэрэгтэй. Цар тахлын үед цахимаар ажиллахад суралцан, ажилчдынхаа 30 хувийг зайнаас ажиллуулж байсан. Ядаж, 25 хувийг зайнаас ажиллуулах боломж бий. Дэлхий дахин зайнаас ажиллахыг дагаж байгаа” хэмээв.
БХБ-ын сайд Ц.Даваасүрэн энэ үеэр, “Сэлбэ сэргэлт” бүтээн байгуулалтыг хийснээр нийслэлийн гол замуудын хөдөлгөөний нэвтрэлт, эрчмийг сайжруулна. Энэ замыг Дамбадаржаагаас ТЭЦ-4 хүртэл Сэлбэ гол дагуу барина. Хоёр талдаа 22 км, нийт 44 км урт зам тавьснаар хоёр эгнээгээр зорчино. Нийт 13 том гүүр, холбоос 25 гүүр барина. Дагууд нь явган хүний болон дугуйн зам ч барина. Энэ ажлын зураг төслийг 6 дугаар сард багтааж, 7 дугаар сард барилгын ажлаа эхлүүлэн, 2024 онд дуусгана. Одоогоор зураг төслийн зардал гаргаад байна. Гүүр, замын зургийг хийх явцад төсөв гаргана. Тухайн үед санхүүжилтийн тухай мэдээлэл өгнө” гэлээ.
Түүнчлэн, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах хүрээнд шинээр авто зам барих санхүүжилтийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд, шаардлагатай 187 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдэхийг Сангийн сайдад даалгажээ. Улаанбаатар хот өнгөрсөн онд 420 тэрбум төгрөгийн санхүүжилтээр замын олон ажил эхлүүлсэн ч энэ жил ийм хэмжээний мөнгө төсөвт суугаагүй аж.