3х3 сагсан бөмбөгийн шинэ улирал албан ёсоор эхэлж, тэмцээн уралдаан шил дараалан болж байна.
Энэ долоо хоногт “UG Арена"-д Манилагийн Их дуулгын эрх олгох “Ulaanbaatar Super Quest” тэмцээн болно. Тус тэмцээнд Монголоос зургаан баг оролцохоос гадна Өмнөд Солонгос, Малайз, Япон, Филиппин, Хятадын багууд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.
“Улаанбаатар ММС Энержи” багийн хувьд Э.Дөлгөөн гэмтэл авсан учир түүнийг орлох хүн хэрэгтэй болоод байгаа. Өнгөрсөн оны сүүлд болсон Абу Дабигийн финалд гэмтэлтэй Э.Дөлгөөнийг Г.Цэнгүүнбаяр орлон оролцож байсан болохоор энэ удаад ч Г.Цэнгүүнбаяр нөхөх болов уу гэж сагсан бөмбөг сонирхогчид хүлээсэн ч залуу тамирчин Л.Авирмэдийг сонгожээ.
Мөн “Сансар ММС Энержи” багтай нэгдсэн Сербийн шилдэг тамирчин Александр Ратков энэ удаагийн тэмцээнийг өнжинө.
Монголд ирэх гадаадын багуудаас Хятадын Фушиан анхаарал татаж байна. Учир нь тус багт Бельгийн шилдэг Тибо Вервурт, Нидерландын тэргүүн тоглогч Димео ван дер Хорст нар нэгдсэн юм.
Харин Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар залуу тамирчид болох Х.Мөнхтөр, Ц.Батзаяа нартай хамтран “Завхан” багийн нэрийн өмнөөс тоглохоор болжээ. Харин “Зайсан МИГ Даатгал” багт ах дүүс нэг баг болон тоглох бөгөөд М.Өлзий-Оршихын дүү М.Өлзийбат сонгогдсон байна.
Ташрамд дуулгахад, “Баянгол Бронкс” гэх баг ирэх “Ulaanbaatar Super Quest” тэмцээнд оролцоно. Тус багийн бүрэлдэхүүн Б.Тулуй, Д.Мөнхтүвшин, С.Эрдэнэдалай, Т.Мэндбаяр гэсэн тамирчдаас бүрджээ.