“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд баталлаа.

Засгийн газрын өнгөрсөн оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж буй. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг хангах, нүүрсийг хил нөхцөлөөр биржээр арилжих зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь эерэг үр дүнтэй болсон хэмээн үзэж, онцгой дэглэмийн хугацааг сунгахаар Засгийн газраас дээрх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. 

Энэхүү асуудлыг чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн ч анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд буцаасан юм. Эдийн засгийн байнгын хороо өнөө өглөө тус асуудлыг хэлэлцээд, дэмжсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг ийнхүү дахин сунгасантай холбогдуулж холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг даалгаврыг өгсөн юм.

Тэрбээр "Онцгой дэглэм тогтоосон хугацаанд тус компанийн бүтэц, зохион байгуулалтыг олон улсын зарчимд нийцүүлэн оновчтой, үр ашигтай хэлбэрт шилжүүлэх, үүн дээрээ үндэслэн удирдлагуудыг нээлттэй, сонгон шалгаруулалтын зарчмаар томилох хэрэгтэй. Хоёрдугаарт, компанийн үйл ажиллагаанд олон улсын нэр хүндтэй компаниар аудит хийлгүүлэх нь зүйтэй. Гуравдугаарт, Тендерийн болон зохих хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, эрх зүйн хэм хэмжээг чанд сахиж, мөрдөн ажиллах шаардлагатай. Мөн тайлангаа сар бүр танилцуулж байхыг үүрэг болгож байна" гэлээ.