Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат иргэнийхээ хувиар Цагдаагийн ерөнхий газарт хандан гомдол гаргажээ. Гомдолд өчигдрөөс эхлэн сошиал ертөнцөөр тархсан “Ерөнхий сайд Шадар сайд У.Хүрэлсүхийн араас дагуул тавьжээ” гэсэн мэдээлэл, мөн бичлэгтэй холбогдуулж тавьсан байна.
Уг бичлэгт гэрч Ч.Батболд гэх залуу “Намайг Шадар сайд У.Хүрэлсүхийг ямар нэг байдлаар өдөж байгаад нэг цохиулаад тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргачих. Ингэсэн нөхцөлд эхний удаад 50 сая төгрөг өгнө гэж хэлсэн” хэмээн ярьсан юм.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Цагдаагийн ерөнхий газарт хандан тавьсан гомдолд “2017 оны наймдугаар сарын 2-ний өдрөөс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сайтуудыг ашиглан миний биеийг зохион байгуулалттайгаар Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг танхайн гэмт хэрэг үйлдсэн мэтээр харагдуулах зорилготой ажиллагааг бусдад захиалга өгч, гүйцэтгүүлсэн мэт дүрс дуу бүхий бичлэгийг тараасан байна. Уг бичлэг дуу оруулалт, монтаж найруулга, зохиол бүхий байгаа нь тодорхой нарийн зохион байгуулалт бүхий ажил болох нь харагдаж байна.
Миний ажил хэргийн болоод хувь хүний нэр төр алдар хүндийг олон нийтэд гутаан доромжлох зорилготой энэхүү үйл ажиллагаа нь тухайн бичлэгийн зохиомол байдлаар хязгаарлагдсан, эсхүл үнэхээр дүрс бичлэгт нэр дурдагдсан нэр бүхий хүмүүс болох н.Золбаяр, н.Энхмэнд гэх хүмүүсийн оролцоотойгоор хийгдсэн бодитой зохион байгуулалттай ажиллагаа юу гэдэг асуудал, түүний үнэн мөнийг олж тогтоох нь чухал байна.
Дүрс бичлэгт байх гэрч нарын мэдүүлэгт нэр дурдагдсан н.Энхмэнд, н.Зол-Эрдэнэ нарын хүмүүс өмнө нь Тагнуулын байгууллагад ажиллаж байсан, гүйцэтгэх ажлын туршлага бүхий хүмүүс байгааг шалгалтын ажиллагаандаа онцгой анхаарч үзэх шаардлагатай байна.
Иймд дараах асуудлыг шалгуулах хүсэлтэй байна.
- Уг бичлэгийг зохион байгуулалттай урьдаас төлөвлөж, найруулж монтаж дуу оруулалт тайлбар бүхий зохиомжилсон нь нэгэнт тодорхой байна. иймд дүрс бичлэгийг хэний захиалгаар хийсэн болох.
- Дүрс бичлэгт дурдагдсан үйл явдал үнэхээр болсон эсэх, үнэхээр дээрх зохион байгуулалт бүхий ажиллагаа явагдсан бол үүнийг хэний захиалга, хүсэлтээр гүйцэтгэсэн болох. Ямар учраас миний биеийг хамаатуулсан болох зэргийг богино хугацаанд нэг мөр шалгаж тогтоолгож өгнө үү гэжээ.