Олон, олон гэдгээрээ тусч бүсгүй, сайн үйлстэн гэдгээрээ танигдсан Ц.Сувд-Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргаж,хүний маш олон хүүхдийг өсгөж буй гэдгээрээ Засгийн газрын хүндэт өргөмжлөл хүртсэн М.Сарнайд сайхан сэтгэлтэй буянтан бус залилагч этгээд байсан тухай зарласан юм.
Тэгвэл М.Сарнай ч мөн өөрийн байр сууриа вэб сайтуудад илэрхийлээд амжжээ. Тэрбээр “Намайг хорооны хүмүүстэй нийлж элдвээр бичсэнийг хараад л уйлж сууна. Би үнэндээ Ц.Сувд-Эрдэнэг ямар айхтар хүүхэн бэ л гэж бодож сууна. Энэ бүхнийг өөрийнхөө эрх ашгийн төлөө хүний сэтгэлийг ч бодохгүйгээр тарааж байна. Надад мөнгө хэрэггүй. Ц.Сувд-Эрдэнэ зүгээр л “Сарнай” хүүхдийн төвийн эзэн болж чадахгүй гэдгээ мэдээд л ийм мэдээлэл цацлаа. Энэ хүүхдийн төвийг барихад өөрөө голчлон оролцож, энэ байгууллагыг авч явна гэсэн бодолтой байсан юм билээ. “Наран” рестораны захирал С.Дэлгэр эгч бол бидний төлөө зүтгэж яваа хүн. Би Ц.Сувд-Эрдэнээс “Сарнай төвийн нэрээр орж ирсэн мөнгө яагаад миний дансанд орж ирэхгүй байгаа юм бэ. Маргааш 12 цаг гэхэд “Сарнай” төв гэсэн бүх банкны хуулгыг надад өгөөрэй. Сая гадаадаас 900 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. Тэр мөнгө хаана байна?' гэж асуусан. Тэгсэн чинь Ц.Сувд-Эрдэнэ тэр мөнгийг үрчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Олон түмний сайхан сэтгэлээр өгсөн мөнгө бүхэн хүүхдүүдийн ирээдүйд хэрэгтэй. Ингэж болохгүй шүү” гээд жаахан муудалцсан юм. Тэгсэн чинь л сошиалаар мэдээлэл гаргаад л, хүний нэр хүндийг унагаагаад, бүр охины маань ээж нь гээд нэг архичин хүүхний яриаг фэйсбүүк дээрээ тавьчихсан байна лээ” гэсэн байна.
Дашрамд дуулгахад, өнөөдөр Ц.Сувд-Эрдэнэ "Сарнай эгчийг цагдаад өглөө. Ард түмнийг ингэж хуурч болохгүй ээ. Зүтгэсээр л байхуу. . . ? Цагдаа хүчнийхэн үнэн мөнийг тогтоож өгнө гэдэгт итгэж байна. Намайг гүтгэлээ гээд Сарнай эгчийн зөв болохгүй. Үнэн ялнаа!!!" хэмээсэн байна. Юутай ч энэ аяныг эхлүүлсэн хүмүүс санхүүгийн асуудлаас болж, муудалцан бололтой. Гэлээ гээд хоорондоо учир зүйгээ олохгүй ард түмний сайхан сэтгэл рүү ингэж ус цацаж, маргалдаж хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр шуугиан дэгдээж байгаа нь хэр зохимжтой хэрэг юм бол доо.